УИХ-ын гишүүн С.Одонтуяатай хаврын чуулганаар өргөн барьсан анхаарч байгаа хуулийн төсөл болон эрүүл мэндийн эрх зүйн шинэчлэл, ЭМД-ын сантай холбоотой асуудлаар ярилцлаа.
-Манай эрүүл мэндийн салбарт тулгамдсан асуудал их байгаа. Нэн тэргүүнд эрх зүйн өөрчлөлтөөс энэ салбарын шинэчлэл эхлэх ёстой гэж ярьдаг. Таны хувьд тус салбарын эрх зүйн шинэчлэлд ямар оролцоотой ажиллаж байгаа вэ?
-Миний хувьд өмнө нь 2015 онд ЭМД-ын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгүүлэх ажлын хэсгийн ахлагчаар томилогдон ажиллаж, богино хугацааны дотор УИХ-аар батлуулж, ЭМД-ыг нэг худалдан авагчийн тогтолцоонд шилжүүлсэн. Мөн УИХ-ын гишүүн асан Д.Батцогт, өнөөгийн Боловсролын сайд Л.Энх-Амгалан нарын долоон гишүүний хамтаар тухайн үед “Эмнэлгийн тусламж үйлчилгээний зохион байгуулалтын тухай” хуулийг 2015 онд УИХ-д өргөн барьж, 2016 онд УИХ-ын ээлжит сонгуулийн өмнө хэлэлцүүлэн батлуулсан байдаг. Эдгээр хуулиудын үндсэн зорилго нь эмнэлгүүдийг улс төрөөс ангид, бие даасан удирдах зөвлөлтэй, үйлчилгээний байгууллага болгон өөрчлөх, чанартай, хүн төвтэй эмнэлгийн үйлчилгээг чанартай үзүүлэх тэгш нөхцөлийг төрийн өмчийн эмнэлгүүдэд олгоход чиглэгдсэн. Хууль батлагдсаны дараа Эрүүл мэндийн яамны удирдлагын зүгээс эмнэлгийн менежментийг сайжруулах эрх зүйн орчныг бүрдүүлсэн хэмээн талархаж, биднийг өндрөөр үнэлж байсан юм.
-Дээрх хуулийн хэрэгжилтийн үр дүнд ямар өөрчлөлтүүд гарсан бэ. Нөгөөтэйгүүр өнөөдөр Эрүүл мэндийн даатгалын сангийн дампуурлыг хэн хүнгүй л ярьж байгаа шүү дээ...?
-Эдгээр хуулиудын үр дүнд эрүүл мэндийн байгууллага улс төрөөс ангид байж, эмнэлгийн удирдлагыг улстөрчид бус, бие даасан Удирдах зөвлөл нь сонгон шалгаруулж томилдог болсон. Ингэснээр эмнэлгүүд нийтийн үйлчилгээний статустай болж санхүү, менежментийн бие даасан байдал нэмэгдсэн. Гэвч иргэдийн эрүүл мэндэд ээлтэй, соёл уламжлалдаа тохирсон, зохистой, чанартай, хүн төвтэй тусламжийг үзүүлэх шаардлагыг зохицуулсан эдгээр хуулиуд хэрэгжээд, иргэдийн дунд эрүүл мэндийн салбар одоо л цэгцрэх нь гэсэн хүлээлт бий болж эхэлж байтал 2016 оны сонгуульд МАН үнэмлэхүй олонх суудал авч төр засгийн эрх мэдэл нэг намд төвлөрч, 2019 онд дэлхий нийтийг хамарсан цар тахал дэгдэж, хөл хорионы дэглэм тогтоож, нийт иргэдийг вакцинжуулалтад хамруулах зэрэг албадан шинжтэй үйл ажиллагаанууд удаан хугацаанд хэрэгжсэн. Үүнээс болж хуулийн хэрэгжилтийн утга учир алдагдаж, ЭМД-ын сан хоосорч, эрүүл мэндийн салбарт хуримтлагдсан өр хэдийнээ хэдэн зуун тэрбум төгрөгт хүрч, иргэд эрүүл мэндийн даатгалаас тусламж авч чадахгүйд хүрсэн. Эмнэлгийн удирдлагын томилгоо эргээд улс төржилтөд автагдаж, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, хүний нөөцийн бодлого ч алдагдсан.
-Даатгалын сан одоо амьгүй болсон нь ямар учиртай вэ. Угтаа хүн болгон л эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлдөг учраас энэ сан дампуурах эрсдэл нь бага л баймаар юм...?
-Монгол улсын иргэдийн 92 хувь нь эрүүл мэндийн заавал даатгалд хамрагддаг. Ийм өндөр хамрагдалттай болохоор хуримтлагдсан хөрөнгө хангалттай байсан төдийгүй цар тахалтай холбоотойгоор гадаадын донор орнуудын тусламж дэмжлэг ч хангалттай орж ирсэн. Харамсалтай нь даатгалын болон донор орнуудаас орж ирсэн хөрөнгийг ямар ч хяналтгүй, хэтэрхий замбараагүй үрэн таран хийснээс болж, иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд хүрэлцэхгүй болж, тасалдах, улмаар хязгаарлах байдалд хүрч, өнөөдрийг хүртэл үргэлжилж байна. Энэ бол сүүлийн арваад жилд нэг намд төр засгийн бүх эрх мэдэл төвлөрч, түүнд тохирсон бүтэц зохион байгуулалт хийгдэж бүх салбар улс төрийн хараат байдалд орж, үүний уршгаар төрийн албан хаагчдын сахилга хариуцлага суларч, авлига, албан тушаалын төлөөх донтолт газар авсан нь иргэдийнхээ амь нас эрүүл мэндийг хамгаалах ариун үүрэг хүлээсэн эрүүл мэндийн салбарт ч хүчтэй нөлөөлсөн. Үүний уршгаар энэ салбар хүрсэн амжилтаасаа ухарлаа.
-Эрүүл мэндийн салбар элгээрээ хэвтиж байгаагийн тод жишээ нь л эмнэлгүүдийн ачаалал, эмчилгээ, оношилгоос харагдана байх, тийм үү?
-Тэгэлгүй яах вэ. Би хэдхэн жишээ хэлье. 2025 онд эхийн эндэгдлийн түвшинг 100 000 амьд төрөлтөд 20 хувь болгох зорилт биелсэнгүй. 2024 оны байдлаар нялхсын эндэгдэл 12.2 хувь, эхийн эндэгдэл 22.5 хувь байгаа нь ХХI зуунд амьдарч байгаа хүмүүст харамсалтай үзүүлэлт юм. Зүрх судасны өвчин, хавдар, чихрийн шижин, амьсгалын замын архаг өвчний улмаас 30-70 насны хүн амын нас баралт дэлхийн дунджаас хоёр дахин өндөр байна. НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтын индексэд эрүүл мэндийн үзүүлэлт чухал байр эзэлдэг. Гэвч дэлхийн дундаж оноо 66.1 байхад Монгол Улсын индекс дөнгөж дундаж үзүүлэлтэд хүрч байгаа нь чамлалттай үзүүлэлт юм. Дайн дажин, мөргөлдөөн, байгалийн гамшиг нүүрлээгүй улс атал бид гүн хямралд өртсөн улсуудтай ижил түвшинд байгаа нь харамсалтай. Жишээлбэл амиа хорлолтын тоо дэлхийн дундаж нь 9.2 байхад монголд хоёр дахин их буюу 18.5 байгаа нь нийгмийн хурц асуудал яалт ч үгүй мөн. Ихэнх сэтгэл санааны хямрал нь эмнэлгийн тусламж үйлчилгээ авч чадахгүйд хүрсэнтэй шууд холбоотой гэсэн судалгааны дүн ч гарсан байдаг. Улсын эмнэлгүүдийн зохион байгуулалт, удирдлагын тогтолцоо буцаад өмнөх хэвэндээ шилжиж, тусламж үйлчилгээний чанарыг сайжруулахад чиглэсэн хөшүүрэг, урамшууллыг хэрэгжүүлэхгүй байгаагаас иргэд олноор гадаадад эмчлүүлэхийг сонгож байна.
-Эрүүл мэндийн салбар дахь хүний нөөцийн асуудал яг одоо ямар түвшинд байгаа бол. Таны хувьд энэ салбарын эрх зүйн шинэчлэлийг эхлүүлж байсан хүний хувьд судалгаа, тооцоолол, сүүлийн үеийн мэдээлэл хангалттай байгаа болов уу?
-Хүний нөөцийн хувьд ямар хүндрэлүүд байна вэ гэж. Улс төржилт нь эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн хомсдол, ажиллагсдын сэтгэл санааны хямралд хүргэж, эрүүл мэндийн салбарынхныг ажил хаялт хийх бодол төртөл нь улс төржилт тарчлааж байгаа юм. Улсын хэмжээнд эрүүл мэндийн 4746 байгууллагад 66.3 мянган хүн ажиллаж, нэг их эмчид 226 хүн, нэг сувилагчид 233 хүн ногдож байгаа нь тусламж үйлчилгээний чанарыг муутгаж байгаа үзүүлэлт гэдэг нь судалгаанаас харагдсан. ДЭМБ-ын зөвлөмжид нэг эмч, сувилагчид ногдох хүний тоог 200-аас доош байлгаж байж чанартай үйлчилгээ авах нөхцөл үүснэ гэдэг.
-Салбар бүрт хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлсэнээр тухайн салбарын уналт зогсож, сэргэх, хөгжих боломж бий болно гэж ярьдаг. Тэгвэл эрүүл мэндийн салбар дахь хувийн хэвшлийн оролцоог яаж дэмжих ёстой вэ?
-Юуны өмнө манай эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа эмч, сувилагч, албан хаагчид маань чин сэтгэлээсээ иргэдийнхээ төлөө ажиллаж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг тасралтгүй хүргэхийн төлөө хичээн зүтгэж байгаа. Гэвч эрүүл мэндийн даатгалын сангийн дэмжлэг хангалтгүй байгаагаас үүдэн салбарт хүндрэлтэй нөхцөл байдал үүсээд байна. Ялангуяа хувийн хэвшлийн эмнэлгүүдэд даатгалын санхүүжилтийг олгохгүй байх, олгосон ч ялгавартай хандах хандлага ажиглагдаж байгаа нь салбарын тэнцвэртэй хөгжлийг сааруулж байгаа юм. Өнөөдөр нийт эрүүл мэндийн байгууллагын 89.2 хувь нь хувийн хэвшилд хамаарч, төрийн байгууллагын ачааллыг үлэмж хэмжээгээр хөнгөлөн, эрүүл мэндийн салбарын томоохон ачааг нуруундаа үүрч явна. Ийм нөхцөлд төр бүх ачааг дангаараа үүрэх боломжгүй нь бодит үнэн. Тэгэхээр хувийн хэвшлийн оролцоо, хамтын ажиллагаанд түшиглэхээс өөр гарцгүй юм. Тиймээс хувийн эмнэлгүүдийг үл ойшоох, эсвэл өрөөсгөлөөр харах бус, харин бодлогоор дэмжиж, чадавхжуулан, өрсөлдөх чадварыг нь нэмэгдүүлэх шаардлагатай. Ингэж чадвал монголчууд өндөр өртөгтэйгөөр гадаадын хувийн эмнэлгийг зорих нь багасаж, эх орондоо чанартай, хүртээмжтэй эрүүл мэндийн үйлчилгээг авах боломж улам бүр нэмэгдэх юм.
-Эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийн талаар ямар асуудал байна вэ?
-Эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж, тэгш бус байдал олон нийтийн анхаарлыг татсан чухал асуудал болоод байна. Энэ асуудлын цаана эргээд л Эрүүл мэндийн даатгалын тогтолцооны хүндрэл хөндөгдөж байгаа талаар иргэд ярьж байна. Тодруулбал, даатгалын сангийн хөрөнгө хүрэлцэхгүй болсон үед хувийн эмнэлгүүдэд олгож байсан санхүүжилтийг танаж, хассан нь өнөөгийн нөхцөл байдалд нөлөөлсөн гэж үзэх хандлага нийгэмд түгээмэл байна.
-Цаашид эрүүл мэндийн салбарыг яаж босгох вэ. Ямар ч улсад унагаж болдоггүй салбар гэж байдаг бол тэр нь эрүүл мэнд, боловсрол байх, тийм үү?
-Тэгэлгүй яах вэ. Юуны түрүүнд эрүүл мэндийн салбарыг улс төржилтөөс салгаж, хямралаас гаргахын тулд удирдлага зохион байгуулалт, хүний нөөцийн бодлогод дорвитой өөрчлөлтүүдийг яаралтай хиймээр байна. Тухайлбал, ЭМД-ын тогтолцоог ЭМЯ-ны харьяаллаас гаргаж, хараат бусаар ажиллах нөхцөлийг бүрдүүлж, бүх шатны даатгалын байгууллагуудыг мэргэжлийн боловсон хүчин, удирдлагаар хангах хэрэгтэй байгаа юм. Өнөөдөр Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газар яамны харьяалалд байж, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийг Эрүүл мэндийн сайд удирдаж, бүх шийдвэр яамны бодлогоор явж байна. Гэтэл манай орны төрийн өмчит эрүүл мэндийн байгууллагууд ЭМЯ-ны харьяалалд байгаагаас даатгалын тогтолцоо төр хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудад ялгавартай хандах нөхцөлийг бүрдүүлж байгаа юм. Миний хувьд энэ асуудлыг олон удаа хөндөн ярьж бичиж, хэдэн сарын өмнө даатгалын тогтолцооны асуудлаар Засгийн газарт тогтоолын төсөл хүртэл боловсруулж хүргүүлсэн ч үр дүнд хүрэхгүй байна. Иргэд төлсөн даатгалынхаа үр шимийг хүртэж чадахгүй болно гэдэг тэднийг ЭМД-д итгэх итгэлийг сулруулж, улмаар сангийн бүрдэлтэд муугаар нөлөөлнө гэдгийг тооцож үзэхээс өөр аргагүй гэдгийг хэлмээр байна. Энэ бүхэнд дүгнэлт хийж бидний санаачилж батлуулсан “Эмнэлгийн тусламж үйлчилгээний зохион байгуулалтын тухай” хууль болон ЭМД хуулийн хэрэгжилтийг сэргээж, эрүүл мэндийн асуудалд аль ч шатанд улс төржилтийг зогсоох хэрэгтэй. Нөгөө талаар Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийг үр дүнд хүргэхийн тулд шийдвэр гаргах түвшинд ажиллаж байгаа хүмүүсийн сэтгэхүйг ч шинэчлэх шаардлагатай болж.
Сэтгүүлч Э.МӨНХТҮВШИН