Хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хамгаалах, цахим болон бодит орчин дахь үе тэнгийн дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх, нийгэмд зөв хандлага, харилцааны соёлыг төлөвшүүлэх зорилготой “365 – Эвдрээгүй ирээдүйг бүтээе” аяны нэгдсэн зөвлөгөөн өчигдөр болж, ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан үг хэлжээ.
ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан хэлсэн үгэндээ “Хүүхдийн эрхийн зөрчил, тэр дундаа үе тэнгийн дарамт, дээрэлхэлтийг таслан зогсоохгүйгээр хүмүүнлэг нийгмийг бүтээх боломжгүй. Хүчирхийлэл бол хувь хүний төрөлхийн шинж чанар гэхээс илүүтэй хувь хүн, гэр бүл, хүрээлэл, нийгмийн хүчин зүйлсийн нөлөөгөөр бий болдог, төлөвшдөг зүйл. Тиймээс гэр бүлийн боловсролд онцгой анхаарах, томчууд хүүхдүүдэд зөв үлгэр дуурайлал үзүүлдэг байх, эцэг эхчүүд хүүхэдтэйгээ ярилцдаг, ойлгож, сонсдог байх нь энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хамгийн том хөшүүрэг болно” гэдгийг онцолсон юм.
Сүүлийн таван жилийн байдлаар Улсын хэмжээнд хүүхэд хохирсон 10.995 гэмт хэрэг бүртгэгдэж, жилд дунджаар 2200 гэмт хэргийн улмаас хүүхэд амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирч байна. Хүүхэд ихэвчлэн Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг, Хүчиндэх, Өмчлөх эрхийн эсрэг, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг, цахим гэмт хэрэгт өртөж байна.
ЗӨВ ТӨЛӨВШИЛ ХҮМҮҮЖИЛТЭЙ ИРЭЭДҮЙН МОНГОЛ ИРГЭНИЙГ ХАМТДАА БҮТЭЭЦГЭЭЕ !
