ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ОЛОН НИЙТИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг олон нийтэд танилцуулж, санал авах хэлэлцүүлгийг 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр ГБХНХЯ-нд зохион байгууллаа.  Хэлэлцүүлэгт төрийн байгууллага, төрийн бус байгууллага, олон улсын байгууллага болон хувийн хэвшлийн байгууллагын төлөөлөл, эрдэмтэн судлаач зэрэг 60 гаруй хүн оролцож, хуулийн төсөлтэй холбоотой саналыг хэлэлцүүллээ. Хуулийн төсөлд дараах гол шинэчлэлийн чиглэлүүдийг тусгасан.

Ажилгүй хүн, хөдөлмөрийн зах зээлд нэвтрэх, хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэхэд тусгайлсан дэмжлэг шаардлагатай зорилтот бүлгүүдийг нарийвчлан тодорхойлж, тэднийг хувь хүнд чиглэсэн кейс менежментэд суурилсан үйлчилгээ, арга хэмжээнд хамруулах; 

Хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл, мэдээллийн тогтолцоог их өгөгдөлд суурилсан хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн тогтолцоо болгон зориулалт, хэрэглээг өргөжүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаанд үр дүнд суурилсан төсвийн төлөвлөлтийг аргачлалыг ашиглах;

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаан дахь орон нутгийн байгууллагуудын үүрэг, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор аймаг, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас зорилтот төсөл, хөтөлбөрийг баталж, санхүүжүүлэн хэрэгжүүлэх;

Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагын тогтолцоон дахь нийгмийн түншүүд, хувийн болон мэргэжлийн байгууллага, иргэн ажил олгогчийн чиг үүрэг, оролцоо, хамтын ажиллагааг бэхжүүлэх зэрэг юм.

Цаашид хэлэлцүүлгээс гарсан саналуудыг хуулийн төсөлд тусган боловсронгуй болгож, Засгийн Газрын хуралдаанд танилцуулахаар бэлтгэн ажиллаж байна.

Нийт сэтгэгдэл (0)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.