БАЙГАЛЬ ОРЧИНД НӨЛӨӨЛӨХ БАЙДЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН АНХНЫ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙЛЭЭ

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2026.04.28/ хуралдаан  56.7 хувийн ирцтэй эхэлсэн. Байнгын хорооны дарга Б.Бейсений танилцуулсан хэлэлцэх асуудалтай холбогдуулан санал хэлэх гишүүн байгаагүй тул хуралдаанаар гурван асуудал хэлэлцсэн юм. 

Хуралдааны эхэнд Засгийн газраас 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдөр өргөн мэдүүлсэн Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, цар хүрээ, төсөл хэрэгжих газар нутгийн байршил, хүчин чадлыг харгалзан гурван зэрэглэлд ангилж, байгаль орчин, нийгмийн бүрэлдэхүүн хэсэгт үзүүлэх нөлөөллийнх нь хэмжээг тус бүр тодорхойлохоор тусгажээ. Мөн байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тайланд шинжилгээ хийж дүгнэлт гаргах ерөнхий шинжээчийн эрхийг төрийн захиргааны төв байгууллага олгох,  ерөнхий шинжээч нь Төрийн албаны тухай хуульд заасан шаардлагыг хангасан байгаль орчны чиглэлээр ажилласан жил, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийгч мэргэжлийн чадвар, ажлын туршлагатай байх шаардлагыг тусгах чухал гэж үзсэн байна.

Төсөл хэрэгжүүлэгчээс сум, дүүргийн Засаг даргад ирүүлсэн хүсэлтийг шийдвэрлэх хугацаанд өөрчлөлт оруулах, байгаль орчны нөлөөллийн үнэлгээний тайланг төсөл хэрэгжүүлэгч үнэлгээ хийсэн мэргэжлийн байгууллагатай хамтран төсөл хэрэгжүүлэх нутаг дэвсгэрийн захиргаа төслийн нөлөөлөлд өртөх иргэдэд танилцуулж санал авах ажлыг зохион байгуулахыг хуульд тусгасан байна.

Тус хуулийг 2026 оны наймдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тусгаж, төслийн нэр, томьёог жигдлэх зүйл, хэсэг, заалтын дугаарыг нийцүүлж өөрчлөх, бүтэц найруулга хууль зүйн техникийн засваруудыг хийсэн гэдгийг Б.Уянга гишүүн танилцуулгадаа дурдсан байна.

Энэ үеэр Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн дэд дарга Ч.Лодойсамбуу Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасны дагуу ажлын тав хоногийн завсарлага авах хүсэлт гаргав. Иймд хуралдаан даргалагч тус бүлэгт уг асуудлаар ажлын тав хоногийн завсарлага өгчээ.

Нийт сэтгэгдэл (0)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.