ГАРААНЫ БИЗНЕС, ШИНЭ САНААГ ДЭМЖИХ “STARTUP 2026” УЛСЫН УРАЛДААНЫ ТЭРГҮҮН БАЙР  20 САЯ ТӨГРӨГИЙН ШАГНАЛТАЙ 

Шинэ технологи, инновац шингээсэн гарааны бизнес эрхэлж буй залуучуудыг дэмжих зорилготой “STARTUP 2026” улсын уралдаан зургаа дахь жилдээ зохион байгуулагдахаар боллоо. Тус уралдаан нь залуучуудад бизнес санаагаа хөгжүүлэх, мэргэжлийн менторууд болон туршлагатай бизнес эрхлэгчдээс зөвлөгөө авах, цаашдын санхүүжилтэд хамрагдах боломжийг бүрдүүлдгээрээ онцлог юм.

Энэ удаагийн уралдааныг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар болон JCI Монгол төрийн бус байгууллага хамтран зохион байгуулж байна.

Бүртгэл 2026 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдрөөс тавдугаар сарын 4-ний өдөр хүртэл явагдах бөгөөд оролцогчид бизнесийн санаа, төслөө улсын хэмжээнд танилцуулж, дараагийн шатны хөгжүүлэлтэд шаардлагатай дэмжлэг авах боломжтой.

Уралдаанд амжилттай оролцож, эхний байруудад шалгарсан зургаан багт “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан”-аас 50 хувийн эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр нийт 99 сая төгрөгийн санхүүжилт олгох юм.

Тодруулбал,

-Тэргүүн байрт шалгарсан нэг баг 20 сая төгрөг,

-Дэд байрын хоёр баг тус бүр 17 сая төгрөг,

-Гуравдугаар байрын гурван баг тус бүр 15 сая төгрөгийн санхүүжилт авах боломжтой.

Мөн шилдэг гурван баг Ази, Номхон далайн бүсийн CYE олон улсын уралдаанд Монгол Улсаа төлөөлөн оролцох эрхтэй болох юм.

Сонирхсон залуучууд Startup Mongolia-Улсын уралдааны цахим хуудас болон 9903-8711 дугаараас дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

 

Нийт сэтгэгдэл (0)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.