Ойд зориулсан цэргийн ёслол-хүндэтгэлд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх оролцож, баярын мэнд дэвшүүлэв. Тэрбээр, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн түүх бол Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хамгаалан бэхжүүлсэн монгол цэргийн бахдам түүхийн салшгүй хэсэг гэдгийг онцоллоо. Ерөнхийлөгчийн хэлсэн үгийг хүргэж байна.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ, ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЕРӨНХИЙ КОМАНДЛАГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ:
“Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн үе үеийн удирдлага, эрдэмтэн багш, ажилтан, алба хаагчид, төгсөгчид өө,
Эрхэм хүндэт ахмад дайчид, генерал, офицер, ахлагч, сонсогч, суралцагчид аа,
Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид өө,
Та бүхэндээ Монгол Улсын ууган сургууль, цэргийн эрдмийн гэгээн өргөө, Үндэсний батлан хамгаалахын их сургууль үүсэн байгуулагдсаны түүхт 105 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье.
Өнөөдөр Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн түүхт ойг Монголын төр, ард түмэн, Зэвсэгт хүчний дайчид, үе үеийн төгсөгчид гүн хүндэтгэлтэй, ёслол төгөлдөр тэмдэглэж байна.
Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн түүх бол Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хамгаалан бэхжүүлсэн монгол цэргийн бахдам түүхийн салшгүй хэсэг юм.
Эдүгээгээс 105 жилийн тэртээ жанжин Д.Сүхбаатарын санаачилгаар Ардын цэргийн даргын сургууль байгуулагдан, 1923 онд Бүх цэргийн ерөнхий сургууль болж, орчин цагийн байнгын армийн боловсон хүчин бэлтгэж эхэлсэн нь үндэсний цэргийн урлаг, цэргийн шинжлэх ухаан, цэргийн мэргэжлийн боловсролын хөгжил дэвшлийн эхлэл болсон түүхтэй.
Хөдөлмөр бүтээл, ололт амжилтаар жигүүрлэсэн түүхт 105 жилийн хугацаанд цэргийн эрдмийн энэ ариун өргөө 50 гаруй мянган офицер, ахлагчийг төгсгөжээ. Төгсөгчдийн дундаас Монгол Улсын баатар 11, Маршал болон генерал цолтон 58, Ардын болон гавьяат цолтон 50 гаруй төрөн гарсны зэрэгцээ Монгол Улсын төрийн тэргүүн, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд тэргүүтэй төрийн түшээд, сайд, төр, нийгэм, цэргийн олон зүтгэлтнийг бэлтгэн гаргасныг баярын энэ өдөр тэмдэглэн хэлэхэд бахдам сайхан байна.
Их сургууль байгуулагдсан цагаасаа хойш Бүх цэргийн ерөнхий сургууль, Цэргийн ерөнхий дээд сургууль, Цэргийн нэгдсэн дээд сургууль, Цэргийн их сургууль, Батлан хамгаалахын их сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургууль хүртэл өргөжин хөгжсөн бүхий л үе шатандаа эх орныхоо тусгаар тогтнол, бүтээн байгуулалт, соёл, шинжлэх ухаан, боловсролын салбарын хөгжилд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсаар ирсэн билээ.
Монголын ард түмэн, төр, засаг, Зэвсэгт хүчинд тохиосон хамгийн хатуу ширүүн сорилт болсон 1939 оны Халх голын байлдаан, 1945 оны Чөлөөлөх дайн, баруун хилийн тулгаралтын он жилүүдэд цэргийн сургуулийнхан эх орон, ард түмнээ хамгаалах фронтын тэргүүн эгнээнд байсан юм. Дайны он жилүүдэд Цэргийн ерөнхий сургууль нь цэргийн бага, дунд боловсролтой 1,000 гаруй дарга, боловсон хүчнийг бэлтгэн Монгол Ардын Хувьсгалт Цэргийг нөхөн хангаж, эх орныхоо тусгаар тогтнол, улсын хилийн халдашгүй дархан байдлыг хамгаалахад үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан билээ.
Зөвхөн 1939 оны 5-8 дугаар сард бэлтгэн төгсгөсөн 324 офицер удирдах албан тушаалд томилогдсоны дотор дивизийн комиссар 3, дивизион, хороо, бригадын комиссар 10 байсан бөгөөд энэхүү байлдааны ажиллагаанд тус сургуулийн төгсөгч М.Экэй, Л.Гэлэгбаатар, Ц.Олзой, В.Шарав, Д.Дэмбэрэл, Д.Хаянхярваа, Ц.Шагдарсүрэн нарын Монгол Улсын баатар цолтон төрснийг бахархан тэмдэглэж байна.
Мөн тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, өнөөгийн эрх чөлөөт амьдралыг баталгаажуулахад түүхэн үүрэг гүйцэтгэсэн 1945 оны Чөлөөлөх дайнд Монгол Ардын Хувьсгалт Цэргийн 21 мянга гаруй цэрэг оролцсоноос даргалах бүрэлдэхүүний 90 гаруй хувь нь тус сургуулийн төгсөгч байжээ.
Тухайлбал, 5, 6, 7, 8 дугаар морьт дивиз, 7 дугаар мото-хуягт бригадын захирагч нар болох Ч.Доржпалам, М.Цэдэндаш, Г.Дорж, Д.Нянтайсүрэн, М.Одсүрэн нар Цэргийн ерөнхий сургуулийн төгсөгчид байсан бөгөөд Д.Нянтайсүрэн, С.Дампил, Д.Данзанваанчиг нар Монгол Улсын баатар цол хүртсэн билээ.
Түүнчлэн энх цагийн их бүтээн байгуулалтын он жилүүдэд цэргийн сургуулийн мянга мянган төгсөгч эх орныхоо өнцөг булан бүрд нийгмийг соён гэгээрүүлэх, улс ардын аж ахуйг хөгжүүлэх, хүн амын эрүүлийг хамгаалах үйлсэд хүчин зүтгэж, өнөөгийн нийгэм, эдийн засгийн суурийг тавилцсан гавьяаг онцлон тэмдэглэх учиртай.
Цэргийн сургууль төгсөгчдөөс нэгдлийн дарга Г.Лодойхүү, эмч Ж.Хайрулла, бүжигчин Б.Жамьяандагва, төмөр замчин Г.Мандах, нэрт барилгачин, хурандаа Д.Бямбаа нарын олон арван Хөдөлмөрийн баатар, төр, нийгмийн зүтгэлтэн төрөн гарсныг тэмдэглэн хэлэхэд таатай байна. Монголын Ардын армийг хөгжүүлэн бэхжүүлэх үйл хэрэгт залуу нас, эрдэм мэдлэг, хөдөлмөр зүтгэлээ зориулж, цэргийн алба, хөдөлмөрийн гараагаа тус сургуулиас эхлүүлсэн хурандаа генерал Ж.Ёндон, С.Равдан, дэслэгч генерал Л.Моломжамц, Д.Ёндондүйчир, Ч.Пүрэвдорж нарын алдартай генералаа баярын энэ өдөр хүндэтгэн дурсахад бахдам сайхан байна.
Монголын Ардын армийг өргөтгөн зохион байгуулж, хүч чадлыг нь бэхжүүлсэн хүйтэн дайны он жилүүдэд Цэргийн ерөнхий дээд сургууль нь дээд боловсролтой офицер бэлтгэх тогтолцоонд шилжиж, Зэвсэгт хүчний байлдааны бэлэн байдал, зэвсэглэл, техник, сургалт, сахилга, зохион байгуулалтыг шинэ түвшинд хүргэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан юм. 1990 оноос улс орны дотоод, гадаад аюулгүй байдлын орчин эрс өөрчлөгдөн, үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогод томоохон сорилт, өөрчлөлт гарсан билээ.
Цаг үеийн энэ шаардлагыг Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн тухайн үеийн удирдлага, хамт олон соргогоор мэдэрч, сургуулийг уламжлалт цэргийн дарга бэлтгэдэг сургуулиас орчин үеийн цэрэг, иргэний бүх шатны сургалт, судалгааг хийдэг, эрдэм шинжилгээний цогц их сургууль болгон хөгжүүлсэн. Энэхүү зорилтыг амжилттай хэрэгжүүлэхэд Р.Гаваа, Г.Рагчаа, Ч.Самбуу, Я.Мягмарсүрэн, Ц.Тогоо, Д.Мягмар, Н.Жалбажав, Я.Чойжамц нарын удирдлага, хамт олны хичээл зүтгэл онцгой хувь нэмэр оруулсан юм.
Монгол цэргийн алдрыг даян дэлхийд дахин цуурайтуулах эхлэлийг тавилцсан Цэргийн их сургуулийн захирал агсан, хошууч генерал Г.Рагчаа, анхны энхийг сахиулагч, хурандаа Г.Ерөөлцэнгэл, анхны цэргийн багийн захирагч, хошууч генерал Б.Баярмагнай, цэнхэр дуулгатны анхны эмэгтэй генерал Г.Болор, хурандаа Н.Нямжаргал болон 20 гаруй мянган энхийг сахиулагч бол энэ сургуулийн бахархал, эх орны цэрэг, нэр төрийн илэрхийлэл гэдгийг баярын энэ өдөр онцлон тэмдэглэж байна.
Тус сургууль түүхт 105 жилийн хугацаандаа эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хамгаалах үйлсийг манлайлагч цэргийн даргалах бүрэлдэхүүнийг бэлтгэж, дайны хүнд жилүүдэд эх орноо батлан хамгаалах үйлсийн тэргүүн эгнээнд байж, энхийн цагт улс орныхоо бүтээн байгуулалт, эх оронч үзэл, соёл, боловсрол, шинжлэх ухааны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, өнөө цагт Зэвсэгт хүчний шинэчлэл, олон улсын энхийг сахиулах үйл ажиллагааны хүний нөөц, оюуны тулгуур болсоор иржээ.

Энэ бол Монгол Улсын тусгаар тогтнол, хөгжил дэвшлийн төлөө үе үеийн багш, сонсогч, төгсөгчдийн бүтээсэн бахдам түүх, зуун дамнасан гавьяат үйлс мөн билээ. Энэхүү эх орон, тусгаар тогтнол, ард түмнийхээ төлөө оруулсан онцгой хувь нэмэр, түүхэн гавьяа зүтгэлийг Монгол төр өндөр үнэлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Их жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит Үндэсний батлан хамгаалахын их сургуульд Монгол Улсын баатар цол хүртээлээ. Энэ эрхэм дээд цол бол үе үеийн цэргийн сургуулийнхны байгуулсан гавьяа зүтгэлийг Монгол төр үнэлсэн түүхэн хүндэтгэл төдийгүй эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлэх, эх оронч үзэл, хүмүүжлийг төлөвшүүлэх ирээдүйн их үйл хэрэгт нь хүлээлгэж буй өндөр итгэл, их хариуцлага юм.

Эрхэм нөхөд өө,
Монгол Улсын баатар Үндэсний батлан хамгаалахын их сургууль нь төр, засгаас дэвшүүлэн хэрэгжүүлж буй үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх, мэргэжлийн цэрэгт суурилсан чадварлаг Зэвсэгт хүчнийг бэхжүүлэх бодлого, зорилтын хүрээнд өндөр мэдлэг, чадвартай хүний нөөц, стратегийн удирдагч, эрдэмтэн судлаач, энхийг сахиулагч, инженер-технологийн мэргэжилтнүүдийг бэлтгэн, улсын батлан хамгаалах чадавхыг мэдлэг чадвар, шинжлэх ухаан, инновацаар тасралтгүй хангах үүргээ нэр төртэй гүйцэтгэнэ гэдэгт Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч итгэл дүүрэн байна.
Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн алдар гавьяа, дайчин замналын ард эрхэм хүндэт багш, дарга, захирагч, сурган хүмүүжүүлэгчдийн эх орон, Зэвсэгт хүчин, шавь нараа гэсэн зүрх сэтгэл, нөр их хөдөлмөр, хичээл зүтгэл байсаар ирснийг төрөлх их сургуулийнхаа түүхт баярын энэ өдөр бахархан тэмдэглэж, цэргийн сургуулиар овоглосон мянга мянган төгсөгч, шавь нарын тань нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Зуун дамнасан бахархал, тусгаар тогтнолын баталгаа болсон алдар түүхт, дайчин замналт, Улсын баатар Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн яруу алдар бадартугай.
Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай” гэлээ.
