ХҮҮХДИЙН МӨНГӨ, ЖИРЭМСЭН ЭХИЙН ТЭТГЭМЖ, “АЛДАРТ ЭХ” ОДОНГИЙН УРАМШУУЛАЛ ЗЭРЭГ МӨНГӨН ТУСЛАМЖУУДЫГ ХАЛАМЖИЙН БОДЛОГООС САЛГАНА

Монгол Улсын Үндсэн хуульд “Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална” гэж тунхагласан. Гэр бүл бол хүүхэд өсөж хүмүүжих, хүн төлөвших, үндэсний өв соёл, үнэт зүйл өвлөгдөх үндсэн орчин юм. Гэр бүлийн амьдралын чанарыг сайжруулах нь хүний хөгжил, хүн амын тогтвортой өсөлтийг хангах төрийн бодлогын чухал зорилт билээ.

Гэвч өнөөдөр манай улсад хүн амын өсөлт удааширч, гэрлэлтийн тоо буурч, гэрлэлт цуцлалт нэмэгдэх хандлагатай байна.

Үндэсний статистикийн хорооны сүүлийн 5 жилийн тоон мэдээг авч үзвэл, 2021–2025 онд хүн амын тоо дараалан өсч 3.4-өөс 3.59 сая болсон. Нийт хүн ам өссөн боловч жилийн өсөлт тус бүр 1.5-аас 1.03 хувь болж, дараалан саарсан.

Мөн 2021–2025 онд бүртгүүлсэн гэрлэлтийн тоо 16,118-аас 12,582 болон буурч, харин гэрлэлт цуцлалтын тоо 3,391-аас 4,493 болж өссөнийг таван жилийн өмнөхтэй харьцуулахад гэрлэлт бүртгэл 21.9 хувиар буурч, цуцлалт 32.5 хувиар нэмэгдсэн. Үүнээс шүүхийн журмаар гэрлэлт 2823-аас 4270 гэрлэлтийг цуцалсан бол, мөн шүүхийн журмаар 2023 онд 11, 2024 онд 11, 2025 онд 7 нийт 29 гэрлэлт сэргээгдсэн байна.

Төрөлтийн түвшин 2016 оноос хойш тогтмол буурч байгаа нь үндэсний аюулгүй байдал, хүн ам зүйн бодлогод томоохон сорилт болж байна. 2026 онд хийгдсэн “Монгол Улсын төрөлтийн шинжилгээ, бодлого” сэдэвт судалгаанд төрөлтийн бууралт “түр зуурын биш”, эмэгтэйчүүдийн насан туршид төрүүлэх хүүхдийн тоо багассан, залуу гэр бүлүүдийн 2, 3 дахь хүүхдээ төрүүлэх шийдвэр гаргалт саатсан боловч залуучуудын хүүхэдтэй болох хүсэл алга болоогүй харин орон сууц, тогтворгүй орлого, асаргааны ачаалал, ажил-амьдралын тэнцвэрийн асуудлаас шалтгаалан төрөлтөө хойшлуулж байгаа талаар дурдсан байдаг.

Иймд гэр бүлийг дэмжих зорилгоор шууд хэлбэрээр мөнгөн дэмжлэг олгох, бусад хэлбэрээр буюу орон сууц, ажил-амьдралын тэнцвэрийг хангах, гэр бүлийн боловсрол, эрүүл мэндийг дэмжих, нийгэм, сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэх, эдгээртэй холбогдуулан төрийн болон орон нутгийн хэрэгжүүлэх чиг үүргийг тодорхойлсон Гэр бүлийг дэмжих тухай анхдагч хуулийн төслийг боловсруулан Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн билээ.

Олон улсад гэр бүлийг хэрхэн дэмжиж байгаа талаар Олон улсын эдийн засаг хамтын ажиллагаа, хөдөлмөрийн байгууллагын болон Европын холбооны гишүүн өндөр болон дунд орлоготой 41 орны гэр бүлд ээлтэй бодлого, болон бусад нийтлэг туршлагыг судлан үзэхэд хүүхдийн сайн сайхан байдал, эцэг, эх, асран хамгаалагчийн ажил, амьдралын тэнцвэрийг хангах гэр бүлд ээлтэй нийгмийн орчин бий болгохыг чухалчилж байна.

Хуулийн төсөлд дараах суурь зохицуулалтуудыг тусгасан. Үүнд:

Орон сууцны дэмжлэг: Хүүхэдтэй залуу гэр бүл болон 3 ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүлийг анх удаа ипотекийн зээл авах эсвэл түрээсийн орон сууцанд хамрагдахад нь тэргүүн ээлжид хамруулах, урьдчилгаа төлбөрийн 60 хүртэлх хувьд Зээлийн батлан даалтын сангаас батлан даалт гаргах зэрэг бодит дэмжлэгүүдийг тусгалаа.

Ажил, амьдралын тэнцвэрийг хангах: Ажил олгогч нь бага насны хүүхэдтэй ажилтны ажлын цагийг 2 хүртэл цагаар богиносгох, гэр бүлийн ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй гишүүнээ асарч буй ажилтанд зайнаас ажиллах боломж олгох, ерөнхий боловсролын сургууль суралцдаг хүүхэдтэй ажилтан хичээлийн жилийн өвлийн амралтын хугацаанд ээлжийн амралтаа авах тохиолдолд нэмэгдэл амралтын хугацаа олгох зэрэг уян хатан нөхцөлийг хөдөлмөрийн дотоод журамдаа тусган хэрэгжүүлэх эрх зүйн үндсийг бүрдүүллээ.

Мөнгөн дэмжлэг: Одоогийн Нийгмийн халамжийн хуулиар олгогдож буй хүүхдийн мөнгө, жирэмсэн эхийн тэтгэмж, “Алдарт эх” одонгийн урамшуулал зэрэг мөнгөн тусламжуудыг халамжийн бодлогоос салгаж, хүн амын өсөлтийг дэмжих бодлогын арга хэмжээ болгон энэ хуулиар зохицуулахаар тусгасан.

Нийгэм, сэтгэл зүйн үйлчилгээ: Гэр бүлийн боловсрол олгох, гэрлэгчдийн харилцааг сайжруулах, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх сэтгэл зүйн зөвлөгөө, тусламжийг бүх шатны нэгжээр дамжуулан хүртээмжтэй хүргэх тогтолцоог хуульчилж байна. Энэ хүрээнд аймаг, дүүрэг бүрд Гэр бүлийн хөгжлийн цогц үйлчилгээний төвийг ажиллуулахаар төлөвлөж байна. 

Цахим шилжилт: Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.1.1.3-т “Хиймэл оюун ухааныг ашиглан иргэн бүрийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн нийгмийн үйлчилгээг нэвтрүүлнэ” гэж заасны дагуу И-Монгол академитай хамтран 2025 онд Е-mongolia төрийн үйлчилгээний нэгдсэн системд үүсгэсэн Гэр бүл дэд цэсээр Ai сэтгэл зүйч, Ai нийгмийн ажилтнаар дамжуулан иргэдэд төрийн үйлчилгээг хүргэж, хүртээмжийг нэмэгдүүлэх юм.   

Гэр бүлийн өдрийг тэмдэглэх: Монгол үндэстний уламжлалт Цагаан сар, Үндэсний их баяр наадмын ёслол хүндэтгэл, зан үйл, цар хүрээг харгалзан, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5.1.5-д заасан “Гэр бүлийн өдөр” тохиосон долоо хоногийг нийтээр тэмдэглэх, эдгээр өдрүүдэд гэр бүл рүү чиглэсэн үйл ажиллагаа явуулах нь зүйтэй гэж үзэж, зөвхөн эдгээр баярын өдрүүд нь долоо хоног бүрийн амралтын өдрүүдтэй давхацсан тохиолдолд дараагийн долоо хоногийн ажлын өдрүүдэд шилжүүлэн амраахаар зохицуулахаар төсөлд тусгасан.  Гэр бүлд үзүүлсэн бодит дэмжлэг нь хүүхдийн хөгжил, эцэг, эхийн хөдөлмөр эрхлэлт, гэр бүлийн гишүүдийн эрүүл мэнд, амьдралын чанарт хүрэх хөрөнгө оруулалт юм.

Нийт сэтгэгдэл (0)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.