Нийгэмд өрнөөд буй цаг үеийн асуудалтай холбоотойгоор Ардчилсан залуучуудын холбооноос дараах уриалгыг дэвшүүллээ.
УРИАЛГА
Төрийн байгууллагын хэвлэл мэдээлэлтэй байгуулсан гэрээ, төсвийн зарцуулалт олон нийтийн анхааралд орж буй энэ үед бид ил тод байдал, хариуцлага, хараат бус байдлыг хамтад нь эрх баригчдаас шаардах ёстой. Татвар төлөгчдийн мөнгө хэрхэн зарцуулагдсаныг сэтгүүлчдээс биш эрх баригчдаас асууж, нээлттэй шалгуулж, гэрээний үндэслэл, гүйцэтгэл, үр ашгийг баримтаар үнэлцгээе.
Үүний зэрэгцээ гэрээний дүнгээр сэтгүүлчдийг ялгаварлан гадуурхах, нотлогдоогүй мэдээллээр буруутгахаас татгалзъя. Төрөөс санхүүжилт авсан гэгдэж сэтгүүл зүйн хараат бус байдалд халдаж буй энэ цаг үед ч редакцын хараат бус байдлаа хадгалсан, шүүмжлэх эрхээ эдэлдэг сэтгүүл зүй бол ардчиллын баталгаа юм.
Талцал бус баримт, хардлага бус хариуцлага, дарамт бус эрх чөлөөг эрхэмлэе. Сэтгүүл зүйгээ хамтдаа хамгаалъя!
АРДЧИЛСАН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБОО