ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ СҮЛЖЭЭ, ХОЛБОО БАЙГУУЛАХ САНАЛЫГ ДЭВШҮҮЛЖЭЭ

Олон улсын далайн байгууллага (ОУДБ)-ын Хөлөг онгоцноос үүдэлтэй хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах ажлын хэсгийн 21 дүгээр хурал (ISWG-GHG 21) 2026 оны дөрөвдүгээр сарын 20–24-ний өдрүүдэд Их Британийн Лондон хотноо зохион байгуулагджээ.

Энэхүү хурал нь олон улсын далайн тээврийн салбарын хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах бодлогын хэрэгжилтийг дэмжих, “Net-Zero Framework”-ийн хүрээнд шаардлагатай дүрэм, техникийн зохицуулалт, аргачлалыг боловсруулах зорилготой өндөр түвшний техникийн хэлэлцүүлэг юм. Хурлын үеэр хүлэмжийн хийн ялгарлыг амьдралын мөчлөгөөр нь үнэлэх тогтолцоо (Life Cycle Assessment), цаашдын судалгаа, бодлогын чиглэл, олон улсын зохицуулалтын асуудлуудыг хэлэлцсэн байна.

Хурлын үеэр Монгол Улсад хэрэгжиж буй SMART-C төслийн төслийн менежер Сюзанн Агиус (Suzanne Agius), төслийн хэрэгжилт хариуцсан захиргааны туслах Сусана Рохас Кастро (Susana Rojas Castro)-тай уулзаж, төслийн хэрэгжилт, техникийн хамтын ажиллагаа болон цаашдын боломжийн талаар санал солилцжээ.

Мөн Панам Улсаас ОУДБ-д суугаа Байнгын төлөөлөгч бөгөөд Элчин сайд Жинетт Теста (Ginette Testa)-тай уулзаж, Монгол Улсын Далайн захиргаа болон Панамын Далайн захиргаа хоорондын хамтын ажиллагааны санамж бичгийг байгуулах асуудлаар хэлэлцэв. Санамж бичгийн хүрээнд далайн болон дотоод усан замын тээвэр, хөлөг онгоцны бүртгэл, мэргэжилтэн бэлтгэх, сургалт зохион байгуулах, туршлага солилцох зэрэг чиглэлээр хамтын ажиллагааг хөгжүүлэхээр төлөвлөж байна.

Хурлын үеэр Монгол Улс далайд гарцгүй орнуудын нийтлэг эрх ашиг, сорилтыг олон улсын тавцанд илүү үр дүнтэйгээр төлөөлөх зорилгоор ОУДБ-ын хүрээнд далайд гарцгүй орнуудын хамтын ажиллагааны сүлжээ, холбоо байгуулах саналыг анх удаа дэвшүүлсэн байна. Энэхүү санал нь далайд гарцгүй орнуудын тээвэр, логистик, далайн бодлого, техникийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэсэн чухал санаачилга болно гэж үзэж байна.

Хуралд Монголын талаас Зам, тээврийн яамны Салбарын хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Х.Оюунтуяа, Монгол Улсын Далайн захиргааны дарга М.Өлзий, ИБУИНХУ-д суугаа Монгол Улсын Элчин сайд Б.Энхсүх, мөн Монгол Улсаас ИБУИНХУ-д суугаа ОУДБ-ын Суурин төлөөлөгч Н.Мөнхжаргал нар оролцож, хурлын хүрээнд олон улсын байгууллага, түнш орнуудын төлөөлөлтэй хоёр талын уулзалтуудыг зохион байгууллаа.

Нийт сэтгэгдэл (0)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.