Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн дэлхийн өдөр өнөөдөр тохиож байна. Олон Улсын хөдөлмөрийн байгууллага Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв хамтран “Ажлын байранд нийгэм-сэтгэл зүйн эрүүл орчныг бүрдүүлцгээе” хэлэлцүүлгийг Европын Холбооны санхүүжилтээр ОУХБ-ын хэрэгжүүлж буй “Зохистой хөдөлмөр ба худалдаа” төслийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж байна.
Олон Улсын хөдөлмөрийн байгууллагын шинээр гаргасан судалгаанд дурдсанаар ажлын байрны сэтгэл зүйн эрсдэл нь өргөн тархсан, бодит бөгөөд ноцтой асуудал болохыг харуулж байна.
Дэлхий даяар нийт ажиллагсдын 35 хувь нь долоо хоногт 48-аас олон цаг ажилладаг, 23 хувь нь ажлын байрны хүчирхийлэл, дарамтад өртөж байсан. Мөн 8 хувь нь сэтгэлзүйн хүчирхийлэлд өртсөн гэх дүгнэлт гарсан байна.
2024 онд Монгол Улсын орон сууц, нийтийн аж ахуйн салбарт хийсэн судалгаагаар ажиллагсдын 36.2 хувь нь нийгэм-сэтгэл зүйн дарамтад өртсөн бол 48.1 хувь нь ажлын байрны тодорхойлолтоос давсан үүрэг даалгавар хүлээдэг нь сэтгэл зүйн дарамт үүсгэж, улмаар хөдөлмөрийн бүтээмжийг бууруулж байна гэж хариулсан байна.
Манай улсад ажлын байранд биет аюулд өртөх эрсдэлтэй нөхцөлд 224 мянган хүн ажиллаж байгаа бол 1.4 сая ажилтан нийгэм-сэтгэл зүйн эрсдэлт нөхцөлд ажиллаж байна.
Өнөөдрийн хэлэлцүүлгийн хүрээнд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн тухай хуулийн шинэчлэл болон ажлын байрны нийгэм-сэтгэл зүйн орчны асуудлыг хэлэлцэж, холбогдох судалгаа, практик аргачлалуудыг танилцуулах юм. Мөн ХАБЭМТ-өөс “Ажлын байрны нийгэм-сэтгэл зүйн эрсдэлийн үнэлгээний аргачлал” стандартын төслийг танилцуулж, аж ахуйн нэгж, байгууллагууд хэрэгжүүлж буй сайн туршлагаасаа хуваалцах юм.
АЖЛЫН БАЙРАНД НИЙГЭМ-СЭТГЭЛ ЗҮЙН ЭРҮҮЛ ОРЧНЫГ БҮРДҮҮЛЦГЭЭЕ