Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр (2026.04.30) Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин, Г.Уянгахишиг, О.Алтангэрэл, Р.Батболд, Д.Пүрэвдаваа, Л.Соронзонболд нар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд сэжигтэн, яллагдагчид хамаарах зарим зохицуулалтыг хуулийн этгээдэд нэгэн адил хэрэглэх байдлаар ерөнхийлөн тусгаж, хуулийн этгээдийн онцлогт тохирсон журам бүрэн тусгагдаагүй гэж хуулийн төслийг санаачлагчид үзэж байгаа юм.
Тодруулбал, бизнесийн байгууллагуудын хувьд үйл ажиллагаа түр зогсох, доголдол, тасалдал үүсэх зэрэг тохиолдолд жижиг бизнесүүд санхүүгийн дарамт, эрэлт буурах зэрэгт хамгийн хурдан буюу дунджаар 1-3 сарын дотор хямралд ордог бол дунд, том байгууллагуудын хувьд 3-6 сарын дотор санхүү, үйл ажиллагааны стресс мэдрэгдэж, үйл ажиллагааны онцлог, эрсдлийн удирдлага зэргээсээ хамааран хаалгаа барих хүртэл эрсдэлд ордог талаарх судалгаанууд бий.
Иймд энэ үр дагаварт хүргэж болзошгүй хуулийн этгээдийн үйл ажиллагааг түдгэлзүүлэх, хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах зэрэг арга хэмжээг авахдаа эдийн засаг, нийгмийн бодит үр дагаврыг хуульд тодорхой тусгаж, хугацаа, журмын зохицуулалтыг оновчтой болгох зайлшгүй шаардлагатай гэлээ.
Тиймээс Процессын тодорхой байдлыг хангах нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарчимд бүрнээ нийцэх ба хэм хэмжээний бус байдлаар иргэн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулахаас урьдчилан сэргийлэх, шударга шүүхээр шүүлгэх эрхийн биелэлтийг хангах суурь болно.
Энэ ч зорилгоор Монгол Улсын Их Хурлын 2024 оны 21 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн 4.1 зүйлийн 1.8 дах хэсэгт “Хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг баталгаажуулж, шүүхийн шийдвэргүйгээр баривчлах, цагдан хорих, иргэний эрхийг хязгаарлах ажиллагааг зогсоон, хүний эрхийг хамгаалах, процессын шударга ёсыг хангах, мэргэжлийн байлгах чиглэлд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай, Хууль сахиулах ажиллагааны тухай, Таслан сэргийлэх ажиллагааны тухай, Шүүхийн шинжилгээний тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны тухай хуулиудыг бүрэн процессжуулан хуульчилна” гэж тусгажээ.
Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 07 дугаар дүгнэлтээр таслан сэргийлэх арга хэмжээний үндэслэл, журам тодорхой байх нь Үндсэн хууль зөрчсөн талаар дүгнээд холбогдох шийдвэрт давтамжтай хяналт тавих журмыг тусгах нь төрийн үүрэг мөн гэж тайлбарлаж байлаа.
Эдгээр шаардлагыг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд дараах нэмэлтийг тусгажээ
- Хуулийн этгээдэд тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрхийг түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээг авахад харгалзах нөхцөл;
- Хуулийн этгээдийн тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрхийг түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээг авах үндсэн болон нэмэлт, нийт хугацаа;
- Хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах мөрдөн шалгах ажиллагааг явуулахдаа харгалзах нөхцөл зэргийг нарийвчлан хуулийн төсөлд тусгасан байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл батлагдсанаар хуулийн этгээдэд таслан сэргийлэх арга хэмжээ авах, хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах ажиллагаанд харгалзах нөхцөл, хугацаа тодорхой болох бөгөөд ажиллагааны процессыг хуульчилснаар иргэн, хуулийн этгээдийн шударга шүүхээр шүүлгэх эрх, due-process-г хангах, пропорциональ зарчмыг хангах суурь болох аж.
Мөн эдийн засгийн гол хөшүүрэг болсон хувийн хэвшил, бизнесийн байгууллагуудын тогтвортой байдлыг нэмэгдүүлэх, цаашлаад энэ нь хууль зүйн орчны тодорхойгүй байдлыг бууруулж, Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалт татах зэрэг нийгэм, эдийн засгийн эерэг үр дагавартай гэж үзэж байгаа илэрхийлжээ.