Монгол Улсын цөлжилт, газрын доройтлыг бууруулах чиглэлээр хийж буй хүчин чармайлтын нэг нь “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжүүлж буй уг хөдөлгөөн нь хүнсний аюулгүй байдал, бие даасан байдлыг нэмэгдүүлж, дотоодын үйлдвэрлэл, малын эрүүл мэндийг сайжруулж, органик хүнсний экспортлогч орон болгох зорилгоор “Эрүүл хөрс-Эрүүл хүнс” уриатайгаар хэрэгжүүлж байна. Тэгвэл дэлхийн зарим орон энэ чиглэлээр ямар ажлууд хэрэгжүүлдэг вэ?
…Шведийн Стокхольмоос нэг их холгүй оршдог Упсала хотын захад “Валдорфскүүл” нэртэй дунд сургууль бий. Байгаль орчинд ээлтэй, ногоон менежмент нэвтрүүлсэн хэмээн өргөмжлөгдсөн тус сургууль хашаандаа “Ногоон туг” мандуулсан байдаг. Энэ туг “Валдорфскүүл”-ийн нэр хүндийн баталгаа бөгөөд сурагчдынх нь гол бахархал. Гал тогоо, сургуулийн цэвэрлэгээнд ашигладаг бодис, угаалгын нунтаг авахдаа химийн бодисын агуулга хамгийн бага, байгаль орчинд сөрөг нөлөө багатай, органик гэсэн шошготойг нь сонгодог. Энэ бол тогтвортой хөгжлийн нэг чухал үзүүлэлт юм. Дэлхий дахинаа өнөөдөр БИО тэмдэгтэй бүтээгдэхүүн тансаг хэрэглээний нэгд тооцогдох боллоо. Гэхдээ үүнд зориулж улсаас ямар нэг илүү тэтгэлэг, ахиу төсөв хөрөнгө сургуульд хуваарилдаггүй. Ингэхэд өртөг өндөр энэ хэрэглээг “Валдорфскүүл” дунд сургууль хэрхэн бий болгодог вэ?
Био бүтээгдэхүүний үнэ хоёр дахин илүү байдаг. Иймд улсаас олгодог төсөв хөрөнгөндөө тааруулахын тулд наад зах нь уух ундаагаа өөрсдийнхөө тарьсан алимаар хийдэг. Хоолны хаягдлаараа бордоо хийнэ. Хаягдал их байвал био түлшний үйлдвэрт тушаана. Ингэж дэмжсэнийхээ хариуд үйлдвэрээс түлшээ эргүүлээд хямд үнээр авч, сургуулийнхаа автобусанд ашигладаг юм байна. Эндээс бид менежментийн оновчтой шийдлийг харж болно. Цаашлаад Упсала хотод хүнсний ногооны ханш Стокхольмоос арай илүү байдаг ч сургуулийн захиргаа зөвхөн нутгийнхаа ногоочдоос худалдан авдаг байна. Зарим үед алимаараа ногоо солих зэргээр хэн хэндээ ашигтай ажилладаг.
Цаад утгаараа энэ нь байгаль орчинд ээлтэй, тогтвортой хөгжлийн боловсрол олгодог сургуулийн үйл ажиллагааг нутгийн иргэд нь дэмжих чин сэтгэлийн тусламж энэ. Өөрөөр хэлбэл, “Валдорфскүүл” дунд сургуулийн хийгээд нутгийн иргэдийн дунд тогтвортой хөгжлийн төлөө хамтдаа тэмцэж буй байгалиа хамгаалагчдын гинжин хэлхээ бий болжээ. Угтаа бол энэ нь НҮБ-ын гишүүн орнууд, Талуудын дэлхий дахинаа түгээн дэлгэрүүлэхээр чармайж байгаа тогтвортой хөгжил НОГООН МЕНЕЖМЕНТ-ийн нэг хэлбэр юм. Ногоон менежмент нэвтрүүлсэн сургуулиуд төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж ямар нэг сан, төсөл, хөтөлбөрт хамрагдах, бизнесийн байгууллагуудаас санхүүжилт авах бүрэн эрхтэй.
Упсалагийн их сургуулийн багш, профессор Лейф: -Шведүүдийг байгальд их ойр, байгаль орчноо хамгаалах хүмүүжилтэй ард түмэн гэдгийг дэлхий нийт хүлээн зөвшөөрдөг. Манайханд нэг ойлголт байдаг. Тэр нь юу гэхээр “Ашиглах эрх гэж бий. Гэхдээ байгаль орчноо хамгаалж, тогтвортой ашиглана гэдэг бидний хэрхэн эрүүл, аюулгүй амьдрах вэ гэдэг асуудал шууд холбоотой” гэсэн юм.
Эх байгалиа сэргээж-Итгэл найдвараа бадраая
Сэтгүүлч Ц.Цэвээнхэрлэн