НҮБ-ЫН ОЙН КОМИССЫН “ХУУРАЙ БҮС НУТГИЙН АЖЛЫН ХЭСГИЙН IV ХУРАЛ”-Д 15 ОРНЫ 50 ГАРУЙ ТӨЛӨӨЛӨГЧИД БИЕЧЛЭН ОРОЛЦОЖ БАЙНА

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (FAO) хамтран “Хуурай бүс нутгийн ой, хөдөө аж ахуй, бэлчээрийн тогтолцооны ажлын хэсгийн IV хурал” болон “Хуурай бүс нутгийн зуны сургалт”-ын арга хэмжээг Улаанбаатар хотноо 7 дугаар сарын 7–10-ны өдрүүдэд зохион байгуулж байна.  

Хуралдаан, сургалтын гол зорилго нь хуурай бүс нутгийн хүнс, хөдөө аж ахуйн тогтолцоог шинэчлэх, тогтвортой менежмент, нөхөн сэргээлт, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадвар зэргийг агро-силво-пастораль буюу ойн, бэлчээрийн, мал аж ахуйн нэгдмэл арга зүйгээр уялдуулан хөгжүүлэхэд оршино. Мөн хөдөө аж ахуй, ойн аж ахуйн уялдаа холбоо, бүс нутгийн хамтын ажиллагаа, олон улсын болон салбар хоорондын түншлэлүүдийн ач холбогдлын талаар хэлэлцэж байна.

Энэ удаагийн арга хэмжээнд НҮБ-ын Ойн Комиссын гишүүн орнуудын төлөөлөгчид, Бүс нутгийн болон олон улсын байгууллагын мэргэжилтэн, судлаачид, бодлого боловсруулагч зэрэг 15 орны 50 гаруй төлөөлөгчид биечлэн оролцож байна. Хурлыг онлайн хэлбэрээр давхар зохион байгуулж, олон улсад болж буй нөхцөл байдлаас шалтгаалан биеэр оролцох боломжгүй гишүүн орнуудын төлөөлөл болон бусад орны 30 гаруй төлөөлөгч оролцож байна. Хуурай бүс нутгийн нөхцөл байдал, тэнд амьдарч буй олон сая хүний амьжиргаанд онцгой анхаарал хандуулах шаардлагатай чухал цаг үед амьдарч байна.

Монгол орны байгалийн нөхцөл нь уудам тал нутаг, бэлчээр, ойн экосистемээр тодорхойлогддог. Манай улсын газар нутгийн 76 хувь, цөлжилт, газрын доройтолд өртөөд байгаа өнөөгийн нөхцөлд тус ажлын хэсгийн авч хэлэлцэж буй resilient land use буюу тэсвэртэй, тогтвортой газар ашиглалт, ой-бэлчээрийн нэгдсэн систем, орлого, амьжиргааны тогтвортой эх үүсвэрийг бий болгохыг зорьж буй нь манай орны тэргүүлэх чиглэлтэй нягт уялдаж байна. Монгол Улс дэлхийн хэмжээнд явуулж буй эдгээр хүчин чармайлтад идэвхтэй хувь нэмэр оруулан ажиллаж байна.

Үүнд:

• Ойн нөхөн сэргээлт, газрын доройтлыг бууруулах зорилготой “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн;

• Олон улсын Бэлчээр, Нүүдэлчдийн жил (IYRP)-ийн хүрээнд тогтвортой бэлчээрийн бодлогыг дэмжих санаачилга;

• Хөдөө аж ахуйн салбар дахь эмэгтэйчүүдийн үүргийг онцолж, 2025 оныг “Хөдөө аж ахуйн эмэгтэйчүүдийн жил” болгон зарласан бодлого;

• 2030 он гэхэд нийт газар нутгийн 30 хувийг хамгаалалтад хамруулах зорилт – дэлхийн байгаль хамгааллын зорилтуудтай уялдсан амлалт юм.

Энэхүү хуралдаан нь FAO-ны Хуурай бүс нутгийн санаачилга-ын дор ирээдүйн бүс нутгийн болон дэлхийн хамтын ажиллагааны суурийг тавьж буй онцлогтой. Түүнчлэн энэ хуралдаан нь Монгол Улс 2026 онд зохион байгуулах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцийн Талуудын 17 дугаар бага хурлын (COP17) бэлтгэлийн нэг чухал үе шат болж байна. Ирэх оны COP17 бага хурлыг зохион байгуулах Монгол Улс энэхүү уулзалтыг хуурай бүс нутгийг сэргээх, орон нутгийн иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой хүчтэй, хүртээмжтэй, хэрэгжилтэд чиглэсэн COP зохион байгуулах үндэс суурь гэж үзэж байна. Мөн хуурай бүс нутгийн хүнс, хөдөө аж ахуйн тогтолцоог интеграцчилсан, ландшафтын түвшинд шинэчлэх, сэргээхэд чиглэсэн бидний хамтын хүчин чармайлтын нэг чухал алхам юм. Энэ нь агро-ойжуулалт, бэлчээрийн нөхөн сэргээлт, экосистемд суурилсан дасан зохицох арга хэмжээг өргөн хүрээнд хэрэгжүүлэх чухал боломжийг олгож, бодитой үр дүнд хүрэхийн тулд төр, эрдэм шинжилгээ, иргэний нийгэм, орон нутгийн иргэдийн хамтын ажиллагаанд суурилсан салбар хоорондын уялдаа холбоог нэмэгдүүлэх шаардлагатай бий. Энэ удаагийн хуралдааныг тохиолдуулан амжилттай хэрэгжиж буй хуурай бүс нутгийн ойн болон ландшафтын төслүүдийн туршлага, сургамжийг харилцан солилцож, олон талын үр дүнтэй түншлэлийг өргөжүүлж, шийдэлд чиглэсэн бодит ажлуудыг хэрэгжүүлэхийг зорьж байна.

Эх сурвалж: Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар 

 

Нийт сэтгэгдэл (0)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.