ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ДЭЛХИЙН ТОМ ЭВСЭЛД КАТАР УЛС НЭГДЭЖ, МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ САЛБАРТ ДЭВШҮҮЛСЭН САНААЧЛАГА ОУ-Д ӨНДРӨӨР ҮНЭЛЭГДЖЭЭ

Дэлхийн байгаль хамгаалах конгрессын хурал Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу Даби хотноо зохион байгуулагдлаа. Тус хуралд БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар тэргүүтэй салбарын төлөөллүүд тав хоногийн турш үргэлжилсэн хурал арга хэмжээнд оролцож, үүний дараа Катар Улсад айлчилж тус улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Др. Абдуллах бин Абдулазиз бин Турки Ал-Субайетай албан уулзалт хийв. Хурлын үр дүнгээр Катар Улс нь цөлжилттэй тэмцэх дэлхийн томоохон эвсэлд нэгдсэн бол, Монгол Улс энэхүү хуралд оролцохдоо байгаль орчны салбарт баримталж байгаа бодлого, тэрдундаа ирэх онд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах COP17 бага хуралд дэвшүүлэхээр төлөвлөсөн санаачлагуудаа танилцуулсан нь ОУ-ын байгаль хамгааллын салбараас өндөр үнэлгээ аваад байна.

Тэр утгаараа Катарын байгаль орчны сайдтай хийсэн уулзалтын үеэр БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар: “Манай хоёр орны байгаль орчны олон талт хамтын ажиллагааны хүрээнд харилцан тохиролцсон амлалтуудаас жишээ авч үзэхэд тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг өргөтгөх, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах болон эвдэрсэн газрын нөхөн сэргээлт гээд адил төстэй, цаашид хамтран авч хэрэгжүүлэх ажлууд цөөнгүй байгааг” онцолсон юм.

Харин Катарын тал хамтын ажиллагааг эрчимжүүлэхийг бүрэн дүүрэн дэмжээд зогсохгүй, тэргүүлэх салбаруудыг тодорхойлж, хэрэгжүүлэх төлөвлөгөөг тусгасан санамж бичгийг боловсруулан байгуулах нь харилцан ашигтай, итгэлцэлд суурилсан байх тул нэн ойрын хугацаанд ажил хэрэг болгох нь чухал хэмээснээр хоёр талаас албан хаагчдыг томилон ажиллуулах боллоо.

Нийт сэтгэгдэл (0)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.