“ЧИПИЙН ДАЙН – ИРЭЭДҮЙН ТЕХНОЛОГИЙН ТӨЛӨӨХ ТУЛААН” МОНГОЛ ХЭЛЭЭР ХЭВЛЭГДЭН ГАРЛАА

The New York Times-ийн бестселлер болсон Крис Миллерийн алдарт Chip War: The Fight for the World’s Most Critical Technology бүтээл монгол хэлээр “Чипийн Дайн – Ирээдүйн Технологийн Төлөөх Тулаан” нэртэйгээр уншигчдын хүртээл боллоо.

Номыг англи хэлнээс  Өлзийбүрэнгийн Үнэнбүрэн, Ганбатын Тод нар орчуулж, УИХ-ын гишүүн Салдангийн Одонтуяа болон Бямбын Уянга нар хамтран редакторлажээ. Тус номын нээлт өнөөдөр болж, нээлтийн үеэр номын орчуулагч Ө.Үнэнбүрэн номын агуулга, ирээдүйн технологийн чиг хандлагын талаар танилцуулж, хагас дамжуулагч байхгүйгээр инноваци байхгүй, үндэсний аюулгүй байдалтай ч холбогдож, хөндөгдөж байна. 21 дүгээр зуунд чип буюу хагас дамжуулагчийн үйлдвэрлэл, үйлдвэрлэлийн гинжин хэлхээг ямар улс хянаж байна тэр улс үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалахын түвшинд хөгжлийг хянах нь тодорхой болж байна гэсэн юм. Мөн  залуучууд, бизнес эрхлэгч, улс төрчдийн ширээний ном байгаасай гэж хүсч орчуулснаа онцоллоо.

УИХ-ЫН ГИШҮҮН С.ОДОНТУЯА: МИКРОЧИПИЙГ 21-Р ЗУУНЫ “ШИНЭ НЕФТЬ” ХЭМЭЭН ТОДОРХОЙЛСОН НЬ УЧИРТАЙ

 “Хиймэл оюун, эдийн засаг, батлан хамгаалах салбар, ухаалаг төхөөрөмжүүдийн зүрх болсон хагас дамжуулагчийн төлөөх дэлхийн хүчний тэмцлийг бодит баримт, сонирхолтой түүхээр өгүүлсэн энэхүү бүтээл нь хөгжингүй улсуудын хооронд өрнөж буй стратегийн өрсөлдөөнийг энгийн ойлгомжтой хэлээр тайлбарласан, хамгийн тохиромжтой цаг үедээ уншигчдын гар дээр ирж буй бүтээл юм. Зохиолч Крис Миллер хагас дамжуулагч буюу микрочипийг 21-р зууны “шинэ нефть” хэмээн тодорхойлсон нь учиртай. Чип нь хиймэл оюун, цэрэг армийн чадавх, эдийн засаг, өдөр тутмын бүх технологийн суурь бөгөөд хэн хамгийн дэвшилтэт үйлдвэрлэл, тоног төхөөрөмжийг хянана, тэр улс дэлхийн хүчний тоглоомд давуу тал олж авна. Өндөр зэрэглэлийн нэг чипийг бүтээхэд дэлхийн олон орны технологи, материал зайлшгүй шаардлагатай. Жишээ нь, Apple компани “iPhone”-ийнхоо хүчирхэг үндсэн чипийг өөрөө зохион бүтээдэг ч үйлдвэрлэж чаддаггүй бөгөөд олон улсын нийлүүлэлтийн сүлжээний тусламжтайгаар зах зээлд хүргэдэг. Монгол уншигчдад энэхүү чухал бүтээлийг дэлхийн хамгийн төвөгтэй технологийн сэдвийг ойлгомжтой, сонирхолтой хэлбэрээр хөрвүүлэхийн төлөө олон сарын туршид ажилласан бөгөөд уншигчдад шинэ мэдлэг, гүнзгий ойлголт өгөх бүтээл болсон гэдэгт итгэлтэй байна” хэмээн ярилаа.

СУДЛААЧ, ДОКТОР Д.БАЯРХҮҮ: ТАЙВАНЬ УЛСЫН ОРШИН БАЙГАА ҮНДСИЙН ҮНДЭС НЬ ЧИП

 “Оюун ухаанаараа Монгол улс босч ирэхгүй бол нүүдлийн аж ахуй, нүүрсээр өөдлөхгүй. Хүн амынх нь 1/3 тогтмол ядуу байдаг улс шүү дээ. 3.5 сая хүнийг хөл дээр нь босгох маш амархан юм байна. Тайвань улсын оршин байгаа үндсийн үндэс нь чип. Тайвань гэдэг жижиг арал дээр 25 сая хятад хүн амьдарч байна. Улс орнуудын байнгын заналхийлэл доор энэ улс хөгжөөд, тусгаар тогтнолоо ЧИП-ээрээ хамгаалж байна. Энэ бол тусгаар тогтнолын баталгаа, геополитикийн зэвсэг, улс оршин байхын үндсийн үндэс болж байна. Монголчуудын хувьд энэ салбарт дэвшил, гэгээ байна. Гар утасгүй монгол хүн байхгүй гэдгээрээ мэдээллийн технологийн үр шимийг хүртэж  байна. Нүүдлийн соёл иргэншлийн татан дагуулах хүч байхгүй болсон. 21 дүгээр зууны технологийн дайнд бид сөхөрч унана шүү. 2050 он гэхэд маш хэцүү болно. Боловсон хүчнээ бэлтгэх шаардлагатай. Би энэ номын нээлтэд оролцож буйдаа баяртай байна” гэсэн юм.

ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОР, ПРОФЕССОР Д.УЛАМБАЯР: ДИЖИТАЛ ШИЛЖИЛТТЭЙ ХОЛБОГДОХГҮЙ БОЛ ЯДУУРАЛ УЛАМ БҮР НЭМЭГДЭНЭ

 “Номын нээлтэд урьсанд баяртай байна. Өнөөдөр ядуурлыг бууруулна гэхээр ажлын байр бий болгох тухай ярьж байгаа нь хоцрогдсон үзэл баримтлал юм. Дижитал шилжилттэй холбогдохгүй бол ядуурал улам бүр нэмэгдэнэ. Бид асар хурдтай дижиталчлагдаж, хиймэл оюун ухаан /АI/ ертөнцөд эрчимтэй шилжиж орох хэрэгтэй. Энэ үйл явцад залуучуудын бүтээл хувь нэмрээ оруулна гэж итгэж байна” хэмээн ярьж, амжилт хүслээ.

 “Чипийн Дайн – Ирээдүйн Технологийн Төлөөх Тулаан” номыг бүх номын дэлгүүрүүдээр болон Mbook платформ дээр албан ёсоор худалдаалж эхэлжээ.

Нийт сэтгэгдэл (0)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.