Ховд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвгандитай ярилцлаа.
Ховд аймгийн ИТХ-ын 2020-2024 оны бүрэн эрхийн хугацаанд ямар онцлог бодлогын шийдвэрүүдийг гаргав.
-Ховд аймгийн хувьд өнгөрсөн дөрвөн жил хөгжил дэвшлийн томоохон зорилго дэвшүүлсэн жил болон улирч байна. Бид бүхэн маш том зорилго тавьсан. “Хүний хөгжлийг дэмжсэн бие даасан эдийн засагтай, стандарт бүхий Шинэ Ховд аймгийг цогцлоон хөгжүүлнэ” гэж зорилго тавьж, энэ зорилгоо хэрэгжүүлж ажиллахын тулд бүхий л үйл ажиллагаагаа чиглүүлж ажиллалаа. Аймгийн ИТХ-аас Ховд аймгийг 2021-2025 он хүртэл хөгжүүлэх үндсэн чиглэлийг баталсан. Энэ хүрээнд 8 бүлэг, 159 заалт бүхий томоохон зорилгыг эрэмбэлж, хэрэгжүүлэхээр зорьж ажилласан. Ер нь “Үйлдвэрлэгч Ховд” байя. Ажлын байрыг нэмэгдүүлье, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэе, үйлдвэрүүдийн эхлэлийг тавья, айл өрхийн орлогыг нэмэгдүүлье гэж ажилласан. Томоохон мега төслүүд эхэлж байна. Тухайлбал Эрдэнэбүрэнгийн УЦС, Ховд Эко цементийн үйлдвэр, Үйлдвэр технологийн парк, Ховд Агро парк гэх мэт төслүүдийн ажил нь эхлээд явж байна. Тэр дундаа Ховд аймгийн Үйлдвэр технологийн паркийн дэд бүтцийн ажил энэ намар дуусна. Цементийн сайхан үйлдвэртэй болчихлоо. Тэгэхээр манай аймаг үйлдвэрлэгч Ховд аймаг байх зорилтоо бүрэн хэрэгжүүлж байна. Бид Ховд аймгийн хөгжлийг харахдаа маш том бодлоготой, алс хэтээ харсан хөгжлийн бодлогын төв цөм байхаар төлөвлөж хэрэгжүүлж байна.
Нийслэл Улаанбаатар хотод гарч байгаа хүндрэлүүдийг хөгжиж байгаа энэ Ховд хотод давтахгүй байх, энэ түгжрэл, утаанаас яаж ангид байх вэ? гэж анхаарсан. Шинэ дулааны станцын өргөтгөлийн ажил эхэлж байна. Дээрээс нь Шинэ Ховдын төлөвлөлтийн ажлыг энэ дөрвөн жилд эхлүүлж чадсан. Шинэ Ховдын төлөвлөлтөд олон барилга сүндэрлээд, дэд бүтэц, гадна орчны тохижилтын ажил хийгээд хөгжлийн зураг, ТЭЗҮ-ийг нь боловсруулаад явж байна. За ер нь 8-10 жилийн дараа одоо яг энэ байгаа Ховд хот шиг бас нэг шинэ хот сүндэрлэн босох цаг мөч ойрхон. Тийм учраас бид бүхэн энэ дөрвөн жилийг үйлдвэрлэгч Ховд байх, шинэ Ховд байх, бүтээлч хөдөлмөрч хүний ая тухтай ажиллаж амьдрах шинэ хөгжсөн аймаг байх зорилтыг тавьж ажиллалаа.
Та сая яриандаа дурьдлаа. Хүний хөгжлийг дэмжсэн, стандарттай шинэ Ховдыг бүтээх ажлууд эхнээсээ хэрэгжиж, эхэлсэн гэлээ. Жишээлбэл?
-Аймгийн ИТХ-ын 2020-2024 оны дунд хугацааны хөгжлийн төлөвлөгөөнд тодорхой тусгасан. Энэ төлөвлөгөөнд НӨУБ-ын тогтвортой байдлыг төлөвшүүлж, хүний хөгжлийг хангасан, Ховд аймгийг бодлогоор удирдахад ямар бодлогын дэмжлэгүүд байна гэдгийг тодорхой зааж өгсөн. Энэ хүрээнд аймгийн ИТХ-ын 41 төлөөлөгч, сумын ИТХ-ын 371 төлөөлөгч, 91 багт ИНХ-ын 503 идэвхтэн сонгуультан оюун бодлоо уралдуулж, МУ-ын Үндсэн хуульд заасанчлан НӨУБ, Засаг захиргааны байгууллага зэрэгцэж орших энэ зарчмын хүрээнд ажилласан. Ховд аймагт маш олон зүйлийн эхлэлүүд тавигдсан. Манай аймаг хатуу хучилттай авто замаар бүрэн холбогдсон анхны аймаг болж байна. Сумдынхаа дэд бүтцийг хөгжүүлж, дулаан, цэвэр, бохир усны шугамд холбох ажлууд эхэлж байна. Жаргалант сумын талын хашааныхаа бүх айл өрхийг цэвэр бохир усны шугамд холбох, хашаандаа сайхан амьдрах боломжийг бий болгох гэх мэт олон зүйлийн эхлэл тавигдсан чухал дөрвөн жил байлаа. Мөн Ховдчууд e-mongolia платформд нэгдэж, мэдээлэл технологийн эрин үетэй “Цахим Ховд” хөтөлбөрийн хүрээнд хөл нийлүүлэн алхаж байна.
2020-2024 оны ИТХ-ын бүрэн эрхийн хугацаанд хэчнээн дэд хөтөлбөр батлагдав? Үр дүн ямар байв?
- Бүх шатны ИТХ-ын гол зорилго, бодлого бол орон нутгаа бодлогоор удирдах, бодлогоор хангах, чиглүүлж өгөх үндсэн зорилго байдаг.
Аймгийн ИТХ-аас 2020-2024 онд 30 орчим дэд хөтөлбөрийг баталж, хэрэгжилтийг хангаж ажилласан байна. Бид дээр дурдсан том агуулгынхаа хүрээнд “Стандарттай Ховд” байх зорилго тавьсан. Аливаад шинжлэх ухааны үндэстэй, хүрэх зорилго нь тодорхой, иргэдэд ээлтэй тав тухтай байх энэ зарчмыг баримталж байна. Эрүүл мэндийн чиглэлд хэд хэдэн хөтөлбөрийг баталлаа.
Жишээлбэл: Монгол улсдаа жишиг болохуйц “Эрүүл эр хүн” дэд хөтөлбөр батлагдаж Хөтөлбөрийн хүрээнд БОЭТ-д Урологи, Андрологийн кабинет байгуулагдаж, эрэгтэйчүүдийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж эрт оношлох, эмчлэх нөхцөл боломж бүрдсэн. “Ахмадаа ачилъя”, “Оюун түлхүүр”, “Малын эрүүл мэнд”, “Хариуцлагатай тунгалаг төр”, “Чадварлаг эмч”, багш, оюутан, сурагч гэх зэрэг олон хөтөлбөрүүдийг баталж, амжилттай хэрэгжээд явж байна. Дурдаад байвал амжилттай хэрэгжиж үр дүнгээ өгч байгаа олон хөтөлбөрүүд байна. Мөн “Тэмээн сүргээ өсгөж, ботго бойжуулах журам”-ыг батлан хэрэгжүүлж эхэлсэн гэх мэт дурьдаад байвал маш чухал үр дүнгээ өгсөн ажлууд олон байна.
Хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх хугацаандаа тухайн ИТХ нь хяналт хийж ажиллахаар тусгасан байдаг. Та бүхэн хяналтын чиг үүргээ хэрхэн биелүүлж ажиллав?
-ИТХ-ын байгууллагын бас нэг үндсэн гол үүрэг бол баталсан төсөв, аймаг орон нутагт хийгдэж байгаа улсын болон орон нутгийн төсөв, хийгдэж байгаа хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудад хяналт тавих юм. Ийм учраас аймгийн ИТХ-аас жил болгон ажлын хэсэг байгуулж, энэ хийж байгаа хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил, ИТХ-аас гаргасан тогтоол шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж ажилладаг. Ажлын хэсэг бүх сумдад хүрч ажиллаад, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын үр дүнд хяналт, үнэлгээ хийсэн. Чанар үр дүнгүй гүйцэтгэж байгаа зарим аж ахуйн нэгж компаниудад хариуцлага тооцох энэ механизмыг бий болгосон.
Зарим аж ахуй нэгжүүдийг хуулийн байгууллагад шилжүүлэх хүртэл саналыг аймгийн Засаг дарга, түүний Тамгын газарт хүргүүллээ. Бид бүхэн хяналт тавьж байна гээд суугаад байх биш ер нь бодит үр дүн ямар байна гэдгийг тооцоод зөвлөн туслах үйлчилгээг үзүүлсэн. Тухайлбал манай аймгийн төв Жаргалант сум, Ховд хотод байгаа бүх хуучирч элэгдсэн, барилга байгууламж, тохижилт үйлчилгээ муу байгаа газруудын зураглал хийлгэж, одоогийн нөхцөл байдал ийм байна, цаашдаа ийм болгох боломж байна гэсэн төсөөлөл зургийг гаргаж өгөөд гүйцэтгэх засаглалынхаа ажлыг дэмжих, зөвлөн туслах үүргийг хэрэгжүүллээ. Мөн төлөөлөгчийн өдөрлөг, хороодын хамтарсан ажлын хэсгүүдийг бүх байгууллага, салбар, нэгжүүдэд ажиллуулж зохих үр дүнгээ өгч байна.
-Танай аймаг яах аргагүй олон угсаатны нутаг гэдгээрээ ялгардаг. Энэ онцлогоороо ч тэр, соёлын өв тээгчид гэдгээрээ ч тэр аялал жуулчлал татах боломж илүү байх. Ер нь аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар бодлогын ямар шийдвэрийг гаргаж ажилласан бэ?
Манай Ховд аймаг бол яг таны хэлсэнчлэн аялал жуулчлалын таталцлын төв байх бүрэн
боломжтой. Тийм учраас олон угсаатны өв соёл, мал маллах арга ухаан, онгон дагшин байгаль зэргийг түшиглээд аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжтой гэж бодлого боловсруулан ажиллаж байгаа. Аймгийн ИТХ-аас “Гурван сэнхэр төвтэй таван од аялал жуулчлалын хөтөлбөр”-ийг батлан 5 дахь жилдээ хэрэгжиж байна. Бид бүхэнд нэг бэрхшээлтэй зүйл байгаа нь аялал жуулчлалын салбар улирлын чанартай бизнес байгаа учраас зориглож хөрөнгө оруулалт хийх хувийн хэвшлийнхэн байхгүй байгаа юм. Уг нь бол аялал жуулчлалын кемп байгуулах, аялал жуулчлалын бизнес эрхлэх хүмүүст газар олгох зэргээр төрөөс дэмжих боломж байна. Аймаг орон нутгийн зүгээс хэд хэдэн эвент арга хэмжээг тогтмол зохион байгуулж, гадаад дотоодын жуулчдад зориулсан улирлын эвентийг хийж хэвшлээ. Жишээлбэл: “Мөнгөлөг шагшуурга” мөсний баяр, “Цайны зам”, “Тарвас” зэрэг эвент арга хэмжээг тогтмол хийж байна. Мөн аймгийн аялал жуулчлалын холбоог бэхжүүлэх, хүний нөөцийг чадавхжуулах ажлуудыг хийсэн. Ховд аймаг бол бүсийн хөгжлийн таталцлын төв байх зорилгоор бусад аймгуудтайгаа хамтран ажиллах, дэмжин ажиллах, бүс нутгаараа хөгжих боломжуудыг судалж байна. Манай аймаг хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, тээвэр логистик, аялал жуулчлалын, сэргээгдэх эрчим хүчний гээд маш олон зүйлийн таталцлын төв байх боломж байна. Мөн олон улсын нисэх буудлын өргөтгөлийг яаралтай хийх шаардлага байна. Цаашдаа бид бүхэн томоохон зорилгыг тавьж ажиллана. Шинэ Ховд хөтөлбөр гараанаасаа гараад бүх салбар хөгжлийнхөө дараагийн үе шатыг эхлүүлж байна. Тийм учраас хот төлөвлөлт ч тэр, үйлдвэр аж ахуйн газруудын хувьд ч тэр, ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр ч тэр орчин үеийн хот байгуулалтын хүрээнд ч тэр, эрх зүйн орчинтой нь уялдуулж шинэ төлөвлөлтүүдийг хийх, загвар аймаг байх, бүс нутгийн хөгжлийн томоохон төв байх зорилгуудын эхлэлийг тавьж байна.
-Батлагдсан бодлого шийдвэрийн хэрэгжилт, түүний алсын хараа, зорилт, үр өгөөж хамгийн чухал байх? Цаашдын хэтийн төлөвийг хэрхэн төсөөлж байна
Ховд аймаг хөгжлийнхөө маш зөв гараан дээр зогсож байна. Бид одоо Эрдэнэбүрэн сумынхаа Усан цахилгаан станцыг яаралтай эхлүүлэх зайлшгүй шаардлага байна. Иргэдээ орон сууцжуулах бодлогыг барьж ажиллана. Цементийн үйлдвэртээ болсноо түшиглээд иргэдээ орон сууцжуулах, хашаандаа сайхан амьдаръя төслөө үргэлжлүүлж
УИХ-ын гишүүд, Монгол улсын засгийн газартайгаа хамтарч ажиллаж байна. Хүний хөгжлийг дэмжсэн, ая тухтай, цэвэр цэмцгэр, стандартын шаардлага хангасан орчинд амьдрах, сурч боловсрох боломжийг бий болгох ажлууд хийгдсээр ирсэн, цаашид ч хийгдэнэ. Манай Ховд их сургууль нь Монгол улсын баруун бүсийн их сургууль боллоо. Ховд Хөгжил политехник коллежийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, суралцагчдын тоог нэмэгдүүлэх, бүс нутагтаа зах зээлд эрэлт хэрэгцээтэй мэргэжилтэй ажилтан бэлтгэх, гадаадын сургуульд нарийн мэргэжлээр орон нутгаас оюутан суралцуулах, Ховд аймгаа бүрэн камержуулж, амар тайван Ховд аймгийг бий болгох, хүчирхийлэлгүй аюулгүй байдлыг хангах орчныг бий болгох зэрэг бодлого болсон, төлөвлөсөн олон ажлууд байна.
Ярилцсанд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.