Нийтлэлч: Хотын засаглал, хот төлөвлөлтийн судлаач Ү.Энхтайван
Urban planning (хот төлөвлөлт) ба Urban architecture-design (хотын архитектур) бол хоорондоо адилхан мэт боловч үндсэндээ хоёр өөр мэргэжил, хоёр өөр чиглэл. Манайх нэгийг нь хот байгуулалт, нөгөөхийг нь хот төлөвлөлт гэж орчуулаад байх шиг байна.
Хот төлөвлөгч (urban planner) бол хотын ирээдүйн том зураглалыг гаргадаг. Хүн амын өсөлт, газар ашиглалт, нийтийн тээвэр, дэд бүтэц, эдийн засгийн бүсчлэл, байгаль орчны нөхцөл гээд олон зүйлийг уялдуулан стратегийн түвшинд хот хаашаа, хэрхэн хөгжихийг тодорхойлдог.
Харин хотын архитектор (architect) бол барилга, байгууламж болон гудамж талбайн зураг төсөл, орон зайн зохион байгуулалт, гоо зүйн шийдлийг хариуцдаг.
УЛААНБААТАР ХОТ СТРАТЕГИЙН ТҮВШНИЙ ХӨГЖЛИЙН БОДЛОГООР БИШ, БАРИЛГА ТӨВТЭЙ СЭТГЭЛГЭЭГЭЭР УДИРДУУЛЖ ИРЖЭЭ
Улаанбаатарын ерөнхий төлөвлөгөөг өнөөдрийг хүртэл архитектурууд удирдаж ирсэн. Ингэснээр Улаанбаатар хот стратегийн түвшний хөгжлийн бодлогоор биш, барилга төвтэй сэтгэлгээгээр удирдуулж иржээ. Дүнд нь бид цементэн ширэнгэд, бүх төрлийн асуудалтай амьдарч, оршин суугчдын амьдралын чанарын бүх үзүүлэлт ТЭГ рүү тэмүүлж байна.
Хотын удирдлагын ажил бол явган замын хавтан, бродюр солих төдий бус, стратегийн түвшинд хотын хөгжлийг удирдаж, улс төрийн манлайлал үзүүлэх явдал юм гэдгийг ухаарах сөхөөгүй л яваа биз. 2012–2016 онд Бат-Үүл даргын баг хотын хөгжлийг арай өөрөөр харж байсныг нийслэлийн иргэд мэдэрсэн, энэ цаг хугацаанд шийдсэн олон асуудлууд ч гэрчилнэ.
- Амгалангийн дулааны станц → барьснаар хот зүүн тийшээ тэлэх боломж бүрдэж, хувийн хэвшил тэр зүгт хичнээн их хөрөнгө оруулалт хийсэн гэж бодно. Хотын зүүн тал сансраас цааш хөлдүүс байлаа.
URBAN PLANNING VS URBAN DESIGN
- Нарны гүүр → хотын төвийн урд болон баруун бүс рүү хөгжлийг түлхсэн шийдэл байсан. Хотын урд хэсэг хөдөө байлаа. Гэтэл одоо ямар болсныг харж байгаа байх. Тэр хэрээр хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт хийгдэж, ажлын байр бий болж, эдийн засаг хөдөлж эхэлсэн. Газар үнэд орж, эдийн засгийн багтаамж тэлсэн.
- Дахин төлөвлөлтийг эхлүүлж, дэд бүтцэд хөрөнгө оруулсан учраас хувийн хэвшил дагаж орж ирж, 100 айл, Дөлгөөн нуур, 13-р хороолол зэрэг газрууд бүхэлдээ барилгажиж, эдийн засгийн бүсүүд бий болсон. Хотын төвөөс 2км хүрэхгүй зайд гэр хороолол байлаа.
- Их тойруугийн өндөр хүчдэлийн шугам барьснаар хотын алслагдсан хэсгүүдэд чийдэн улайсдаг нь үгүй болж, өнөөдөр зуслангуудад хичнээн гоё гоё байшингууд сүндэрлэсэн гэж бодож байна.
- Гудамж төслийг хэрэгжүүлж, хотын төвийн аюултай уулзварууд аюулгүй болсныг сануулах нь илүүц биз. Иргэдийн шатахууныг өнөөдөр ч хэмнэсээр байгааг онцолъё.
Гэхдээ тэнд алдаа гарсан гарсан. Зөв бодлого барьж ажлаагүйгээс барилгуудын өндөр, зориулалт, бүсийн зохицлыг хянаж чадаагүй.
Ихэнх нь холимог газар ашиглалтын хэлбэрээр, замбараагүй хөгжсөн. Стратегийн хөрөнгө оруулалт гэдэг бол улс нэг төгрөг гаргахад хувийн хэвшил 10 төгрөг гарахуйц өдөөлт өгч, зах зээлийг хөдөлгөдөг хөрөнгө оруулалт юм. Харин өнөөдөр хотын удирдлагууд стратегийн том бүтээн байгуулалт хийхийн оронд бродюр,явган замын хавтан солино гэх мэт жижиг ажлуудад хязгаарлагдаж, нийслэлчүүдийн бухимдал, эгдүүцлийг төрүүлсээр байна.