АВЛИГЫН ЭСРЭГ ХАМГИЙН ХҮЧТЭЙ ЗЭВСЭГ

Авлига бол ойлгомжтой зүйл, эрх мэдэл, мөнгө, шунал, улс төрийн дарамт, бага цалин, амар боломж.  Харин шударга ёсыг тайлбарлах хамгийн хэцүү. Яагаад зарим хүмүүс эрх мэдэлтэй мөртлөө түүнийгээ хувийн ашиг сонирхолдоо ашигладаггүй юм бэ?

Яагаад зарим төрийн албан хаагчид амархан баяжих боломжтой мөртлөө татгалздаг юм бэ ?

Яагаад зарим хүн ширээн дээр нь байгаа бэлэн мөнгөнөөс татгалзаж чаддаг юм бэ. Энэ бол авлигаас хавьгүй хэцүү асуулт.

Учир нь шударга ёс зөвхөн хууль дээр тогтдоггүй хүний дотоод үнэт зүйл дээр тогтдог. Хүн өөрөөсөө том зүйлд итгэдэг үедээ шударга байдаг. Эх орон, нэр төр, мэргэжлийн ёс зүй, үр хүүхэддээ үлдээх нэр хүнддээ итгэдэг.

Тиймээс дэлхийн хамгийн цэвэр улс орнууд авлигын эсрэг хамгийн хатуу хуультайдаа биш, харин шударга байх нь хэвийн үзэгдэл болсон соёлтойдоо хүчтэй байдаг. Хулгай хийхгүй байгаа нь баригдахаас айсандаа биш өөрийгөө хүндэлдэг учраас, авилга авахгүй байгаа нь прокуророос айсандаа биш өөрийн байгууллагынхаа нэр хүндийг хамгаалж байгаа учраас.

Авлигатай тэмцэх хамгийн том тулаан шүүхийн танхимд болдоггүй тэр тулаан хүний дотор болдог. Прокурор хууль зөрчсөн хүнийг шийтгэж чадах ч шударга иргэн бүтээж чаддаггүй. Шүүх авлигачийг яллаж чадна гэхдээ бахархал бүтээж чаддаггүй. Тиймээс авлигын эсрэг тэмцлийн эцсийн зорилго нь хүмүүсийг айлгах биш, харин шударга байхыг бахархал болгох явдал юм

ХҮМҮҮС НИЙГМИЙН ХЭМ ХЭМЖЭЭГЭЭ ДАГАДАГ…

Яагаад гэвэл ихэнх хүмүүс төгс сайн ч биш, төгс муу ч биш. Тэд өөрсдийн байгаа орчин, нийгмийн болон хамт олны хэм хэмжээгээ дагаж амьдардаг. Хэрэв байгууллага дотор авлига хэвийн үзэгдэл бол шинэ хүн ч удалгүй тэр соёлыг дагана. Харин шударга ёс, мэргэжлийн нэр төр хэвийн үзэгдэл бол хүмүүс мөн тэр соёлыг дагана.

Жишээ нь танай байгууллага тэтгэвэрт гарч буй ахмад ажилтнаа үдэхдээ зөвхөн ажилласан жилээр нь биш, хамт олондоо үлдээсэн шударга ёс, мэргэжлийн нэр төр, сайхан соёлоор нь дурсдаг байж болно. Шагнал гардуулахдаа зөвхөн хувь хүний амжилт биш, нийтийн төлөөх үйлчилгээ, байгууллагын үнэт зүйлсийг хамгаалсан байдлыг нь үнэлдэг байж болно.

Ийм санаачилгууд эхэндээ жижиг зүйл мэт харагддагч жилээс жилд танай байгууллагын нэр төр, бахархал яг юу вэ гэсэн хамтын ойлголтыг бий болгодог. Энэ бол хууль биш соёл.

Соёл нь эцэстээ ямар ч хууль дүрмээс илүү хүчтэйгээр хүмүүсийн өдөр тутмын үйлдлийг удирдаж эхэлдэг нийгмийн хэм хэмжээ юм.

НЭР ТӨР БА БАХАРХАЛ...

Хүмүүс зөвхөн мөнгөний төлөө ажилладаггүй тэд нэр төр, бахархлын төлөө ажилладаг.

Хэрэв байгууллага дотор шударгаар ажиллах нь бахархал болчихвол шударга ёсны тогтолцоо өөрөө ажиллаж эхэлдэг. Харин авлигач хүн шагнуулж, албан тушаал дэвшиж, нөлөө нь өсөөд байвал бусад авлигалын тогтолцоо өөрөө ажиллаж эхэлдэг.

Тиймээс хэнийг урамшуулж, хэнийг үлгэр жишээ болгож байгаа нь байгууллагын хамгийн хүчтэй соёлын бодлого юм. Хэрэв шударга хүн дэвшдэг бол шударга хүмүүс олширно харин авлигач хүн дэвшдэг бол авлигачид олширно. Ийм учраас байгууллага урамшуулал, хүндэтгэлийн тогтолцоогоо хэзээ ч жижиг зүйл гэж үзэж болохгүй.

ДҮГНЭЛТ...

Авлигын эсрэг хамгийн хүчтэй зэвсэг бол монгол хүн бүр Монгол хүн гэдгээрээ бахархдаг болох юм. Би авлигатай холбогдвол зөвхөн хууль зөрчихгүй харин Монгол гэдэг нэрийг гутааж байна гэсэн ичгүүр. Би Монгол хүн учраас шударга байх ёстой гэсэн дотоод ухамсар. Чи Монгол хүн учраас зөв амьдарч, шударга хөдөлмөрлөж, нэр төрөө хамгаалж яваарай гэж үр хүүхдэдээ захидаг аав, ээжийн үг.

Би зүгээр нэг цагдаа биш Монгол цагдаа.

Би зүгээр нэг эмч биш Монгол эмч.

Би зүгээр нэг багш биш Монгол багш.

Би зүгээр нэг төрийн албан хаагч биш Монгол төрийн албан хаагч.

Япон хүн Япон гэдгээрээ бахархдаг.

Солонгос хүн Солонгос гэдгээрээ бахархдаг.

Сингапур хүн Сингапур гэдгээрээ бахархдаг.

Герман хүн Герман гэдгээрээ бахархдаг.

Швейцар хүн Швейцар гэдгээрээ бахархдаг.

Тэгвэл Чингисийн Монголчууд яагаад Монгол гэдгээрээ бахархаж болохгүй гэж.

МАН, АН алинч бай залуус хулгайгаараа биш шударгаараа өрсөлдөж, албан тушаалаараа биш нийгэмд үзүүлсэн үйлчилгээгээрээ бахархдаг болбол авлига буурна. Би эх орноо зарж мөнгө олох биш, эх орноо хамгаалж байна гэж боддог болсон цагт авлига буурна.

Учир нь авлигын эсрэг тэмцлийн эцсийн зорилго нь хүмүүсийг айлгах биш харин шударга байдлыг бахархал болгох явдал юм. Тэр өдөр ирвэл шударга ёс зөвхөн шүүхийн танхимд биш, хүний дотор амьдардаг болно.

Энэ бол зүгээр нэг соён гэгээрүүлэх ажил биш. Энэ бол үндэстний оюун санааны хувьсгал юм.

Хууль зүйн ухааны доктор,Нийслэлийн Ардчилсан намын дарга, Буянаагийн Ган-Очир

 

Нийт сэтгэгдэл (0)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.