Р.ДАВААДОРЖ: МОНГОЛ УЛС “ГАДААД ӨРИЙН ХАВХ”-НД ГҮН БАТТАЙ ШИГДЖЭЭ
/Эдийн засгийн ухааны доктор, Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны хараат бус гишүүн Раднаасэдийн Даваадорж/
Харуо Маекава (前川 春雄, Maekawa Haruo) нь Японы Төв Банкны (Bank of Japan) нэр хүндтэй удирдагч байв. Тэрээр ажиллах хугацаандаа (1979-1984) Мөнгө, Эдийн Засгийн Судалгааны Хүрээлэнг байгуулах санаачилга гаргасан бөгөөд түүний нэрэмжит дурсгалын лекц 2008 оноос хойш тогтмол зохион байгуулагдаж, дэлхийн тэргүүлэх санхүүчид, Нобелийн шагналт эдийн засагчдыг урьж, мөнгөний бодлого, эдийн засгийн тогтвортой байдлын талаар хэлэлцүүлэг өрнүүлдэг уламжлал аль хэдийн тогтжээ.
Энэ жилийн хувьд Олон улсын төлбөр тооцооны банкны (BIS) ерөнхийлөгч Агустин Карстенс Японы Төв банкны урилгаар оролцож хүндэтгэлийн лекц уншлаа. Тэрээр, "Хэрэв 21-р зууны эхний арван жил өрнөсөн хямралуудыг ажваас ирэх жилүүдэд тохиох хямрал туйлын амаргүй байх нь" гэх дүгнэлт хийжээ.
Эдийн засгийн хямрал нь ихэнхдээ засгийн газар болон төв банкны бодлогыг шинэчлэх, илүү уян хатан, тогтвортой арга хэмжээ авахыг шаарддаг. 1980, 1990-ээд оны хямралууд уян хатан ханш, нам дор инфляцын зорилт, төсвийн сахилга батыг бэхжүүлж чадсан бол 2008 оны дэлхийн санхүүгийн хямрал банкны хяналт, санхүүгийн тогтвортой байдлыг сайжруулахад чухал хувь нэмэр болсон гэж үздэг. Ковидын дараах үеийн инфляцын өсөлт мөнгөний бодлогыг сайжруулах хөшүүрэг боллоо. "Хямралын менежер" хэмээн өргөмжлөгдсөн тэрээр, Олон улсын төлбөр тооцооны банкны (BIS) ерөнхийлөгчийн дөчин жилийн туршлага дээрээ үндэслэн гурван зүйлд анхаарлаа хандуулахыг сануулсан нь хөгжиж буй орнуудын хувьд аманд нь хийсэн “шар тос” боллоо. Тэр ийм дүгнэлт хийжээ.
Дээрх дүгнэлтэд үндэслэн эдийн засгийн тогтвортой байдалд үүссэн заналхийлэл, өнөөгийн нөхцөл байдал, ирээдүйд үүсэх эрсдлийн талаар тоймлон хүргэе.
НЭГДҮГЭЭРТ, ХЯМРАЛ НЬ МАШ ӨНДӨР ӨРТӨГТЭЙ БОЛЖ ЭХЭЛЛЭЭ. Ажилгүйдэл нэмэгдэх, эдийн засаг зогсонги байдалд орох, гадаад өрийн хуримтлал өсөх нь нийгэм, эдийн засгийн тогтвортой байдалд заналхийлдэг. Тиймээс хямралаас зайлсхийх, түүний магадлалыг бууруулахын тулд ухаалаг бодлого (макро зохистой бодлого, хатуу банкны хяналт, тогтвортой мөнгөний бодлого) зайлшгүй чухал юм.
Өнөөдөр Монгол Улсад эдийн засгийн хэд хэдэн хямралын ирмэг дээр зогсож байна. Зах зээлийн нийгэмд шилжсэн 35 жилийн түүхэнд Монгол улсын эдийн засаг ийм хүнд “шок”-нд орж байсангүй. Эдийн засгийн өсөлт нь зогсонги байдалд орж өндөр инфляци дагалдах хосолсон сөрөг үзүүлэлтийг стагфляц гэдэг. Манай улсын эдийн засаг стагфляцид нэрвэгдэхэд ойрхон байгаа төдийгүй өрийн хямралд өртжээ. Ийм гурвалсан хямралыг даван туулах нэн хүнд. Нийт 3.5 сая хүнтэй манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) ердөө 22.4 орчим тэрбум ам.доллар хэрнээ улсын нийт өр 40 тэрбум ам.долларт хүрч байна. Өнөөгийн эрх баригчид 2016 оны УИХ-ын сонгуулийн үеэр монгол иргэн бүрд 15 сая төгрөгийн өр ногдож буй талаар улс орон даяар ярьж “матрын нулимс” унагасан. Харин одоо энэ үзүүлэлт 40 сая төгрөг хол давлаа.
1991-2016 оны хооронд Монгол улсын Засгийн газрын өрийн хэмжээ 4.7 тэрбум орчим ам.доллар байсныг өнгөрсөн жилүүдэд хоёр дахин нэмэгдүүлж бараг 10 тэрбум ам.долларт хүрснээр “ам ажил нь алд дэлэм” зөрлөө. Хэрэв Монголбанкны своп, Хөгжлийн банкны 500 сая ам.долларын бонд, төрийн өмчит олон компаниудын өр, өрийн баталгаа зэргийг нэмж тооцвол Засгийн газрын өр ДНБ-ний 100 хувь хол давна. Үүнийг Дэлхийн банк баталж танай Засгийн газрын өр ДНБ-ний чинь 92 хувьд хүрлээ, “Монгол Улс хойч үедээ өр өвлүүлж байна” хэмээн дүгнэж байв. Монгол Улсын гадаад өр олон улсын дундаж, зохистой хэмжээнээс тав дахин өндөр байгааг Олон улсын валютын сан анхааруулж байсан. Ийм их хэмжээний өрийг урд өмнө нь ямар ч УИХ, Засгийн газар үйлдвэрлэж байсангүй. Энэ их өрийн дарамт ирээдүй хойчид маань өвлөгдөн үлдэх төдийгүй улс орны хөгжлийг олон жилээр хойш татна. Ийнхүү Монгол улс “гадаад өрийн хавх”-нд гүн баттай шигджээ.
Улс орны эдийн засаг “сэхээний тасагт” гадаадын өр гэсэн “хиймэл амьсгаа” залгагдан хэвтэж байна. Ийм байдалд хүргэхэд эх баригчдын тооцоо судалгаагүй шийдвэрүүд дээр хэт үрэлгэн төсөв, ЖДҮ дэмжих сан, Хөгжлийн банк, арилжааны банкуудтай холбоотой найдваргүй зээлүүд, концессын хэдэн зуун тэрбум төгрөгийн луйврыг залган нүүрсний оффтэйк гэрээний асуудал сөхөгдсөн нь их наядаар хэмжигдэхээр байна. Оффтэйк гэрээ Монгол улсын эдийн засгийн аюулгүй байдалд ноцтой аюул учруулж, парламентийн засаглалыг үгүйсгэн улс орныг дампууралд хүргэх “харалган” алхам мөн гэдгийг онцлон тэмдэглье.
Өнөөдөр Монгол улсын нийт гадаад өрийн хэмжээ эдийн засаг, тусгаар тогтнолын аюулгүй байдалд аюул занал учруулах хэмжээнд хүрлээ. Гадаад өрийн хэмжээ огцом өсөх нь нийгмийг цочроож, элдэв хөдөлгөөн гарах, түүнийг бусад улс орон өөрийн эрх ашигт тохируулан ашиглах, тэр бүү хэл улс төрийн дэглэм солигдоход хүргэж байсан жишээ олон бий. “Гадаад өрийн асуудал” улс төржиж сонгуулын санал цуглуулдаг хэрэгсэл огт биш. Харин төрийн хар хайрцагны хэмжээнд яригдах улс орны хөгжил дэвшлийн бодлогын нэн чухал асуудал гэдгийг эрх баригчдад дахин сануулъя.
ХОЁРДУГААРТ, ЗАХ ЗЭЭЛ БАЙНГА ХУВЬСАН ӨӨРЧЛӨГДӨЖ БАЙДАГ. Өнөөдөр тохиромжтой мэт санагдаж буй бодлогын арга хэмжээ нь маш хурдан өөрчлөгдөж байна. Энэ нь төв банк шинэ, уян хатан бодлого хэрэгжүүлэхийг шаардаж байгаа юм.
Улс орныг удирддаг төсөв, мөнгөний бодлого хоорондоо уялдахаа болиод удаж байна. Тэлсэн төсөв Төв банкны бодлогыг чангарууллаа. Иймээс бодлогын хүү 12 хувьд хүрч арилжааны зээлийн хүү өслөө. Арилжааны банкууд өндөр хүүтэй, эрсдэл өндөр зээл гаргах биш өндөр өгөөжтэй Төв банкны үнэт цаас худалдан авахыг чухалчилж эхэллээ. Төв банкны үнэт цаас өнөөдөр 7 их наяд төгрөгөөр хэмжигдэж байна. Иймээс аж ахуй нэгжүүдэд өндөр үнэтэй арилжааны зээлийн олдоц эрс хумигджээ. Ийнхүү аж ахуй нэгжүүд үйл ажиллагаагаа зогсоох эсвэл бүтээгдэхүүнийхээ үнэ өсгөхөөс өөр сонголтгүй болгож байгаа бодлогын алдааг засаж залруулна.
Нэг ам.доллар 17 боодол нэгтийн дэвсгэрттэй тэнцсэн талаар улс орон даяар түгшүүрийн харанга дэлдэж, энэ алдаа, завхралыг даруй засаж залруулах амлалт өгсөн улс төрийн хүчин харамсалтай нь, энэ үзүүлэлтийг аль хэдийн 36 боодол нэгтийн төгрөгтэй тэнцэх хэмжээнд хүргэжээ. Монгол улсын үндэсний валют болох төгрөгийн ханш сүүлийн хоёр парламентын хугацаанд зуун хувиар үнэгүйдэж, суларчээ. Дэлхий улс орнуудаас ханшаа ингэж алдсан улсыг та хайгаад олохгүй. Манай улсын нийт импортын 70% ам.доллараар хийгддэг ба хэрэглээний сагсны 50% импортын бараа эзэлдэг. Тиймээс, гадаад валютын ханшийн чангаралт, тэр тусмаа ам.долларын төгрөгтэй харьцах ханшийн чангаралтаас шалтгаалж импортын болон өргөн хэрэглээний барааны үнэ өсөж улмаар иргэдийн амьдралд, ялангуяа тэтгэврийн насны ахмадууд, дундаас доош орлоготой иргэдийн амьдралд туйлын хүнд цохилт ирж байна. Мөн улс орны хүндийг нуруундаа үүрч яваа бизнес эрхлэгчид, тэр дундаа долларын зээлтэй зээлдэгчдийн хувьд асар хүнд дарамт болж буй гэдэгтэй та бүхнийг санал нэгдэх байх гэж найдаж байна.
Инфляцийн хувьд ч олон жил дамнан Монголбанкны зорилтот түвшнээс өндөр явж ирсэн. Импортоор дийлэнх хэрэгцээгээ хангадаг Монгол улсын хувьд дэлхийн зах зээл дээрх газрын тос, хүнс, улаан буудайн үнэ зэрэг нийлүүлэлтээс шалтгаалан инфляц өндөр байгаа нь үнэн боловч өнгөрсөн жилүүдэд хэрэгжүүлсэн тооцоо судалгаагүй төсөв, мөнгөний тэлэлтийн үр дүн ийнхүү илэрч байгаа юм.
ГУРАВДУГААРТ, ХАМГИЙН ЧУХАЛ АСУУДАЛ БОЛ ОЛОН НИЙТИЙН ИТГЭЛ АЖЭЭ. Эдийн засгийн тодорхойгүй байдал, хямралын үед бодлогын өөрчлөлтийг хэрэгжүүлэхэд иргэд, бизнес, хөрөнгө оруулагчдын итгэл зайлшгүй чухал. Итгэл байхгүй бол бодлогын үр нөлөө суларч, эдийн засгийн хямрал гүнзгийрнэ.
Монгол улсын 3 иргэн тутмын 1 нь ажилгүй, орлогогүй байгаа гэсэн хамгийн сүүлчийн судалгааг 2022 онд Дэлхийн банк гаргасан. Хүн амын ядуурлын түвшин 2020 онтой харьцуулахад 15 хувиар нэмэгдэж, 42.2 хувь болсон байна. Манай улсад 914 мянган хүн ядуурлын шугамаас доогуур хэрэглээтэй байна. Үндэсний ядуурлын шугам 2022 оны байдлаар 418,045 төгрөг байна.
2024 оны УИХ сонгуулийн дүнгээс харвал санал өгсөн нийт иргэдийн 35% МАН-ыг дэмжсэн. Өөрөөр хэлбэл, нийт санал өгсөн иргэдийн 65% МАН төр барих ёсгүй гэдэг санал өгчээ. Эндээс МАН-д олон нийтийн санал байхгүй гэдгийг харж болно. Дээр дурдсан хямралыг даван туулахын тулд олон нийтийн дэмжлэг зайлшгүй хэрэгтэй байгаа гэдгийг үндэслэн МАН, АН хэрүүл маргаанаа хойш тавьж улс орныг хямралаас гаргах бодлогыг хэрэгжүүлэх хэрэгтэй байгаа нь харагдаж байна.