Монгол Улсад 2027 онд зохион байгуулагдах Бундестагийн Олон улсын тэтгэлэгт хөтөлбөр (IPS)-ийн сонгон шалгаруулалтын бэлтгэл ажлын хүрээнд ХБНГУ-ын Бундестагийн гишүүн Мэнди Айсинг тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад айлчилж байна. Тус төлөөлөгчдийг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны холбогдох албан тушаалтнууд хүлээн авч уулзан нийгмийн хамгааллын салбарын бодлого, үйл ажиллагааны талаар ажил хэрэгч яриа өрнүүлсэн байна.
Уулзалтаар нийгмийн хамгааллын бодлого, тэр дундаа гэр бүл, малчин иргэд, эмэгтэйчүүд, ахмад настны асуудлаарх төрийн бодлого, өнөөгийн нөхцөл байдал, салбарт тулгамдаж буй асуудлуудын талаар хөндөн ярилцав. Мөн Монгол Улсад тулгамдаж буй нийгмийн асуудлууд болон дэлхий дахинд өрнөж буй нийгэм, хүн ам зүйн өөрчлөлт, эдгээр сорилтыг даван туулах чиглэлээр улс орнуудын хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээ, туршлагаас харилцан суралцах боломжийн талаар санал солилцжээ.

ХБНГУ-ын төлөөлөгчид Монгол Улсад дахин айлчилж, хэлэлцсэн асуудлууд болон цаашдын хамтын ажиллагааны боломжуудын талаар үргэлжлүүлэн санал солилцож, хамтран ажиллахаа илэрхийлсэн байна.
