Үндэсний хэмжээнд зохион байгуулагдаж буй "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэлтийн аян 2026" арга хэмжээ Сүхбаатар аймагт энэ сарын 11, 12-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэлтийн аян Сүхбаатар аймагт амжилттай зохион байгуулагдлаа. Тус аймгийн төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагын 150 орчим ажил олгогч, удирдлагын түвшний төлөөлөл, ХАБЭА-н асуудал хариуцсан мэргэжилтэн аяны хүрээнд зохион байгуулагдаж буй сургалтад хамрагджээ.
Мөн хувиараа хөдөлмөр эрхэлж буй 50 гаруй иргэн үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх сургалтад хамрагдаж, аяны үйл ажиллагааг дэмжин ажиллахаа илэрхийллээ.
Сургалтаар салбарын хууль, эрх зүй, дүрэм, журам, стандартын шинэчлэл, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ерөнхий ойлголт, аюул, осол, эрсдэлээс хэрхэн урьдчилан сэргийлэх, аж ахуйн нэгж байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлага, зохион байгуулалт, хөдөлмөрийн эрүүл мэндийн тандалт, нийгмийн даатгалын хууль тогтоомжтой холбоотой мэдээлэл өгсөн юм.
Түүнчлэн тус аймгийн нэгдсэн эмнэлэг, Уртын гэгээ болон Хот тохижилт ОНӨААТҮГ, Дарьт шүтээн ХХК, Мөнх хаан сумын Ерөнхий боловсролын сургууль, Эрүүл мэндийн төв зэрэг байгууллагуудын хөдөлмөрийн нөхцөлийг үнэлж, эрсдэлийг хэрхэн яаж илрүүлэх, үнэлэх, бууруулах чиглэлээр зөвлөн туслах үйлчилгээг өгч ажилласан байна.
