“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд ХААН Банк Увс болон Дархан-Уул аймагт нийт 400 га талбайд ойжуулалт хийх гэрээг өнөөдөр үзэглэлээ. Гэрээ байгуулах арга хэмжээнд Ойн газрын дарга О.Буяннэмэх оролцлоо. Ойжуулалтын ажлын хүрээнд тарьсан модыг гурван жилийн хугацаанд арчилж, тордон, ойн санд хүлээлгэн өгөхөөр төлөвлөж байна.
ХААН Банк 2007 оноос “ХААН Банкны ой” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд Тогтвортой байдлын стратегийнхээ хүрээнд 2030 он гэхэд 5 сая мод тарих зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Энэ оны байдлаар нийт 4 сая мод тарьж, ургуулж байна.
Банкны салбарын “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэн, 2030 он гэхэд 50 сая мод тарих амлалтад хувь нэмэр оруулж буй энэхүү ажил нь ойг нэмэгдүүлэх, нөхөн сэргээхэд чиглэсэн хувийн хэвшлийн оролцооны нэг жишээ юм.