Төрийн үйл ажиллагааг ил тод болгох, иргэдийн санал хүсэлтийг сонсох зорилготой Гадаад харилцааны яамны “Нээлттэй хаалганы өдөр” арга хэмжээ өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдлаа. ГХЯ-наас тав дахь удаагаа зохион байгуулж буй тус өдөрлөгийг энэ удаа илүү хүртээмжтэй, өргөн далайцтай болгох үүднээс Эдийн засаг, хөгжлийн яамтай хамтран зохион байгуулснаараа онцлог байв.
Арга хэмжээг нээж Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг үг хэлэхдээ, дипломат алба нь ард түмнээсээ алслагдсан хаалттай бүтэц биш гэдгийг онцолж , гадаад бодлого, үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй, ойлгомжтой байдлаар таниулахыг ямагт зорин ажилладгийг тэмдэглэв.
Арга хэмжээний үеэр Гадаад харилцааны яамны зүгээс иргэдэд паспорт, виз, апостиль олгох болон гадаадад зорчих, суралцах нөхцөлийн талаар консулын зөвлөгөө, мэдээллийг хүргэв.

Өдөрлөгт Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улс, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамд болон манай улсад суугаа олон улсын байгууллагууд идэвхтэй оролцов. Мөн Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл, Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Солонгосын виз мэдүүлгийн төв болон “VFS Global” виз мэдүүлгийн төвүүд асрууддаа өөрсдийн үйл ажиллагааг дэлгэрэнгүй танилцуулaв.
Түүнчлэн дипломат албаны сонгон шалгаруулалтын талаар танилцуулга хийгдэж, ГХЯ-ны төв архивын ховор баримт бичиг, түүхэн нандин үзмэрүүдийг дэлгэн үзүүллээ.
Хамтран зохион байгуулагч Эдийн засаг, хөгжлийн яамны асруудад хөрөнгө оруулалт, экспорт, худалдааны боломжууд болон үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг сурталчилж, эдийн засгийн дипломат ажиллагааг олон нийтэд танилцуулав.
