НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссар Фолькер Түрк 5 дугаар сарын 10-11-ний өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийлээ. Женевт төвтэй НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссарын алба нь хүний бүх эрхийг хамгаалах, хөхиүлэн дэмжих, хүндэтгэх, хангах асуудлаар улс орнуудын Засгийн газруудтай яриа хэлэлцээ хийх, НҮБ-ын гишүүн орнуудад туслалцаа үзүүлэх, олон улсын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, НҮБ-ын системийн хэмжээнд хүний эрхийг хамгаалах үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, хүний эрхийг дээдлэх хандлагыг дэлгэрүүлэх үүрэг бүхий НҮБ-ын институц юм.

НҮБ-ын хүний эрхийн асуудал эрхэлсэн гол албан тушаалтан манай улсад айлчилж байгаа нь Монгол Улсын Засгийн газрын ардчилал, хүний эрх, жендерийн эрх тэгш байдал зэрэг олон талбарт олсон амжилтыг хүлээн зөвшөөрч буй хэрэг бөгөөд манай улсын туршлага, сургамжийг олон улсын тавцанд таниулж, сурталчлах, бусад орнуудтай хуваалцахад чухал ач холбогдолтой.
Энэхүү айлчлалын хүрээнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссар Фолькер Түрктэй хоёр талын уулзалт хийж, өнөөгийн олон улсад өрнөж буй нөхцөл байдал болон Монгол Улсын нэгдэн орсон хүний эрхийн олон улсын гэрээ, конвенц, тэдгээрийн хэрэгжилт, НҮБ-аас Монгол Улсад хэрэгжүүлж буй “Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ” баримт бичигт туссан зорилтуудын хэрэгжилт, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Түүнчлэн Гадаад харилцааны яам болон НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссарын алба хооронд бүсийн хүний эрхийн судалгааны төв байгуулах чиглэлээр хамтран ажиллах замын зураглал боловсруулах санамж бичигт гарын үсэг зурав. Энэ нь манай улсаас “Хүний эрхийн түгээмэл тунхаглал”-ын 75 жилийн ойд өгсөн амлалтыг хэрэгжүүлэх чиглэлд чухал алхам болов.
Монгол Улсад ирэх 8 дугаар сард зохион байгуулагдах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын үеэр Хүний эрхийн Дээд комиссарын албанаас баг илгээж, уур амьсгалын өөрчлөлтөд өртөж буй эмзэг бүлэг, тэр дундаа хүүхэд, эмэгтэйчүүдийн эрхийг хангах асуудлаарх тусгай арга хэмжээ хамтран зохион байгуулахаар тохирлоо.
Мөн уулзалтын үеэр НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссар Фолькер Түрк дэлхий даяар эрх зүйт ёс, хүний эрхийг хясан дордуулж байгаа энэ цаг үед хүний эрхийг дэлхий нийтийн яриа хэлэлцээ, шийдвэр гаргах үйл ажиллагааны төвд голч болгон авч үзэх явдлыг хөхиүлэн дэмжих, үүнд олон талыг татан оролцуулж уялдаа холбоотой хамтын ажиллагааг бий болгох зорилгоор “Global Alliance for Human Rights” буюу “Хүний эрхийн төлөөх даян дэлхийн холбоо”-ны тухай санаачилгаа танилцуулж, манай улсыг судалж, дэмжихийг хүслээ.
Дээд комиссар Фолькер Түркийн энэхүү айлчлал нь НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссар 26 жилийн дараа Монгол Улсад дахин айлчилсан тохиолдол болов.