ХӨДӨӨГИЙН ХӨГЖЛИЙН БОДЛОГЫН ХОРОО ГУРВАН ЧИГЛЭЛЭЭР АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛЛАА

Монгол Ардын намаас УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд дэвшүүлэн оролцсон мөрийн хөтөлбөрийн биелэлтийг хангах, 31 дүгээр Их хуралд Монгол Ардын намын дарга Н.Учралын танилцуулсан “4-E стратеги”-ийг хэрэгжүүлэх зорилгоор намын Удирдах зөвлөлийн дэргэд бодлогын 11 хороог байгуулан ажиллаж байна.

Дээрх хороодын нэг болох Хөдөөгийн хөгжлийн бодлогын хороо хоёр дахь хурлаа өнөөдөр /2026.01.30/ хийж, үйл ажиллагааны зорилго, төлөвлөгөөний дагуу хамрах хүрээний гурван чиглэлийг тодорхойлж тус бүрийг хариуцсан ажлын хэсэг байгуулан ахлагчдыг сонгов. 

Тодруулбал, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд М.Бадамсүрэн хөдөө аж ахуйн салбарыг, Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн эдийн засгийн салбарыг, Ерөнхийлөгчийн зөвлөх Т.Энхтүвшин мөрийн хөтөлбөрийн мониторингтой холбоотой ажлын хэсгийг тус тус ахалж ажиллахаар боллоо.

Тус бодлогын хорооны даргаар УИХ-ын гишүүн Ц.Идэрбат, Нарийн бичгийн даргаар намын Бага хурлын гишүүн, СДМЭХ-ны дэд ерөнхийлөгч П.Цолмон, бүрэлдэхүүнд нь УИХ-ын гишүүд, Засгийн газрын сайд, дэд сайд, аймгийн Засаг дарга нар, намын Бага хурал, дэргэдэх төрийн бус байгууллагын төлөөллийг олноор оролцуулсан тул бодлогын хорооны олон гишүүн энэ удаагийн хуралд цахимаар оролцов.

УИХ-ын гишүүн М.Ганхүлэг, Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд Б.Солонгоо нар хөдөө аж ахуй, эдийн засаг, мал аж ахуйн салбарын нийгмийн халамж зэрэг салбартайгаа холбоотой асуудлаар санал бодлоо хэлж, хорооны гишүүдийн асуултад хариулт өгөв.

Эх сурвалж: Ардын нам

Нийт сэтгэгдэл (0)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.