УИХ-ЫН ГИШҮҮН Х.ГАНХУЯГ: 36 ЖИЛИЙН ХУГАЦААНД АНХ УДАА ЗАСГИЙН ГАЗРЫН САНААЧИЛГААР 3.6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАРЫН АЧААЛЛЫГ БУУРУУЛЛАА

Б.ЖАРГАЛАН: МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ ДАХЬ ТӨРИЙН ОРОЛЦОО ХЭТ ТЭЛЖ, ИРГЭН БҮРИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ЭРХ ЧӨЛӨӨ УЛАМ БҮР ХУМИГДАЖ БАЙНА

УИХ-ын гишүүн, Ардчилсан намын бүлгийн дэд дарга Б.Жаргалан АН-ын 4:11 Мэдээллийн цагаар Ардчилсан нам, МАН-ын үзэл баримтлалын ялгаа болон Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн талаар мэдээлэл хийлээ.

Өнгөрсөн 10 жилийн хугацаанд МАН дангаараа Засгийн эрхийг барих хугацаанд эдийн засаг дахь төрийн оролцоо үлэмж нэмэгдэж, төрийн бүтэц улам тэлсэн. Үүний зэрэгцээ иргэдийн төрд итгэх итгэл буурч, хувийн хэвшлийн орон зай хумигдсаар байна.

Энэ хугацаанд ДНБ-д эзлэх татварын ачаалал 38 хувьд хүрч, төрийн өмчит компаниудын борлуулалтын орлого 25 их наяд төгрөг буюу ДНБ-ий бараг гуравны нэгтэй тэнцэх хэмжээнд хүрээд байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын эдийн засаг дахь төрийн оролцоо хэт тэлж, иргэн бүрийн эдийн засгийн эрх чөлөө улам бүр хумигдаж байна.

Тиймээс Ардчилсан намын бүлгээс Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг санаачлан боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлсэн. Энэхүү хуулийн төсөл нь эдийн засаг дахь төрийн оролцооны хүрээ, хязгаарыг тодорхой тогтоох зорилготой. Тухайлбал, төр хувийн хэвшилтэй ямар ч нөхцөлд өрсөлдөхгүй байх, бараа, үйлчилгээний үнийг захиргааны аргаар тогтоохгүй байх, татварыг зөвхөн хуулиар бий болгож, өөрчлөх зарчмыг баталгаажуулах, төрийн өмчит компанийг үндэслэлгүйгээр шинээр байгуулахгүй байх зэрэг төрийн оролцоог хязгаарласан суурь зохицуулалтуудыг тусгасан.

Ардчилсан намын бүлгээс өргөн мэдүүлсэн Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг Засгийн газраас өргөн барьсан Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төсөлтэй нэгтгэн хэлэлцэж байгаа бөгөөд өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар эцсийн хэлэлцүүлгийг хийх гэж байна.

Гэвч Засгийн газар нэг талаас эдийн засаг, бизнесийн эрх чөлөөг дэмжсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байгаа атлаа нөгөө талаас төрийн оролцоог нэмэгдүүлэх, тусгай зөвшөөрлийн тоог өсгөх агуулгатай бусад хуулийн төслүүдийг зэрэг өргөн мэдүүлж байгаад харамсаж байна.

Энэ асуудал дээр Ардчилсан нам, МАН-ын үзэл баримтлалын ялгаа тодорхой харагдаж байна. Ардчилсан нам Монгол Улсын хөгжил иргэдийн идэвх санаачилга, хувийн өмч, чөлөөт өрсөлдөөнд тулгуурлах ёстой гэж үздэг. Харин МАН төрийн оролцоо, удирдлагын тогтолцоог улам тэлэх бодлого баримталж байна. Бид цомхон бөгөөд үр ашигтай төрийг төлөвшүүлэх, татварын дарамтыг бууруулах, хувийн хэвшлийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, иргэн бүрийн эдийн засгийн эрх чөлөөг бодитоор хамгаалах бодлогыг бодит ажил болгон хэрэгжүүлэхийн төлөө ажиллах болно.

 

 

 

 

 

УИХ-ЫН ГИШҮҮН С.ЦЭНГҮҮН: АРДЧИЛСАН НАМ ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН ЗАСАГЛАЛЫГ ОЛОН УЛСЫН САЙН ТУРШЛАГАД НИЙЦҮҮЛЭН ШИНЭЧЛЭНЭ

УИХ-ын гишүүн, Ардчилсан намын бүлгийн дэд дарга
С.Цэнгүүн АН-ын 4:11 мэдээллийн цагаар мэдээлэл хийлээ.

-Монгол Улсад өнөөдрийн байдлаар 900 гаруй хууль, тогтоомж хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Гэвч эдгээрийн дунд хоорондоо зөрчилтэй, буруу үр дагавар дагуулсаар ирсэн зохицуулалтууд цөөнгүй бий. Үүний тод жишээ нь БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хууль юм.

Энэхүү хууль нь 1991 онд батлагдсан бөгөөд өнөөдрийг хүртэл хэрэглэж ирсэн буруу тогтолцоог хүчингүй болголоо. 1992 онд Монгол Улсын шинэ Үндсэн хууль хүчин төгөлдөр болсноор эрх зүйн хувьд хэрэглэх үндэслэлгүй болсон байсан. Гэсэн хэдий ч 2019 оноос эхлэн уг хуулийг үндэслэн төрийн өмчит компаниудад Бүрэн эрхт төлөөлөгч (БЭТ) томилж, Засгийн газар онцгой эрх эдэлдэг буруу жишиг тогтсон. Социализмын үеийн, Үндсэн хуулийн үзэл баримтлалтай нийцэхгүй болсон хуулийг ийнхүү ашиглаж ирсэн нь эрх зүйн томоохон гажуудлыг бий болгож, төрийн өмчит компаниудын засаглалд сөргөөр нөлөөлсөн.

Харин энэхүү хуулийг хүчингүй болгосноор цаашид төрийн өмчит компаниудад дээрх хуульд тулгуурлан БЭТ томилох боломжгүй болж байна. Энэ нь төрийн өмчит компаниудын засаглалыг хууль, дүрмийн хүрээнд илүү ил тод, хариуцлагатай болгох чухал алхам бөгөөд компанийн засаглалыг шинэ шатанд гаргах бодит хөшүүрэг болно.

Бид улсын төсвийн асуудлыг байнга хэлэлцдэг ч төрийн өмчит компаниудын 100 гаруй тэрбум төгрөгийн өмч болон хөрөнгийн зарцуулалтыг хангалттай авч үзэлгүй өдийг хүрсэн.

Өнөөдөр төрийн өмчит компаниудад 50 гаруй мянган хүн ажиллаж байгаа бөгөөд олон компани алдагдалтай ажиллаж байхад ажилтнууд нь сард сард 20 сая төгрөгийн цалин авч байгаа буруу тогтолцоог ардчилсан нам үе шаттайгаар сайжруулах чиглэлд анхаарч ажиллах болно. Ардчилсан нам төрийн өмчит компаниудын засаглалыг олон улсын сайн туршлагад нийцүүлэн шинэчлэх, ил тод байдал, хариуцлагыг нэмэгдүүлэх, үр ашиггүй зардлыг бууруулах, улс төрийн нөлөөллийг хязгаарлах чиглэлээр үе шаттай бодлогын шинэчлэлийг тууштай хэрэгжүүлэн ажиллана.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль,Татварын ерөнхий хуулийн шинэчлэлийн төслүүдийг нэгтгэх ажлын хэсгийг УИХ-ын даргын захирамжаар байгуулж, миний бие ахлан ажиллалаа.

Ажлын хэсэг эдгээр хуулийн төслүүдийг нэгтгэн боловсруулж, өнөөдөр Улсын Их Хурлаар эцэслэн батлууллаа. Ингэснээр иргэн, ААН-д нийт 3.6 их наяд төгрөгийн татварын хөнгөлөлт, дэмжлэг үзүүлэх түүхэн шинэчлэл хэрэгжихээр болж байна.

Хамтран ажилласан ажлын хэсгийн гишүүд, санал бодлоо хуваалцсан иргэд, бизнес эрхлэгчид, мэргэжлийн байгууллагууддаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Онцлох зохицуулалтууд:

-ХХОАТ: 792 мянган төгрөг хүртэлх сарын орлогод 0%

-792 мянгаас 2 сая төгрөг хүртэлх орлогод 1%-ийн татвар ногдуулна.

-НӨАТ төлөгчөөр бүртгүүлэх жилийн орлогын босгыг 50 сая төгрөгөөс 400 сая төгрөг болгон нэмэгдүүлснээр олон мянган жижиг, дунд бизнесийн татварын ачаалал буурч, үйл ажиллагаагаа өргөжүүлэх боломж нэмэгдэж байна.

-Татварын өртэй аж ахуйн нэгжийн данснаас өмнө нь 100 хувийг шууд суутгаж, дансыг хаадаг байсан бол цаашид өрийн 70 хувийг төвлөрүүлж, үлдсэн 30 хувийг тухайн аж ахуйн нэгжийн дансанд үлдээх зохицуулалттай боллоо. Ингэснээр бизнес хэвийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх боломж бүрдэнэ.

-Импортлогч хүсэлт гаргасан тохиолдолд НӨАТ-аа 2 хүртэлх сараар хойшлуулан төлөх боломжтой боллоо.

-Орон сууц худалдахад авдаг 2%-ийн татварыг хүчингүй болголоо. Иргэн өөрийн өмчилсөн орон сууцаа худалдах үед төлдөг байсан борлуулалтын үнийн дүнгийн 2%-ийн татварыг бүрэн цуцаллаа.

-Татвар төлөгч өөрийн алдаа, зөрчлөө сайн дураараа засах боломжийг өргөжүүлж, тайлан залруулах хугацааг уртасгалаа. Мөн алдангийн дээд хэмжээг Иргэний хуультай уялдуулан 50 хувиар тогтоов.

Энэхүү шинэчлэлийг хийхдээ иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэх, бизнесийн орчныг сайжруулах, татварын тогтолцоог илүү шударга, уян хатан, болгох чиглэлд онцгой анхаарч ажиллалаа.

 

Нийт сэтгэгдэл (0)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.