УИХ-ын гишүүн, Ардчилсан намын бүлгийн дэд дарга Б.Жаргалан АН-ын 4:11 Мэдээллийн цагаар Ардчилсан нам, МАН-ын үзэл баримтлалын ялгаа болон Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн талаар мэдээлэл хийлээ.
Өнгөрсөн 10 жилийн хугацаанд МАН дангаараа Засгийн эрхийг барих хугацаанд эдийн засаг дахь төрийн оролцоо үлэмж нэмэгдэж, төрийн бүтэц улам тэлсэн. Үүний зэрэгцээ иргэдийн төрд итгэх итгэл буурч, хувийн хэвшлийн орон зай хумигдсаар байна.
Энэ хугацаанд ДНБ-д эзлэх татварын ачаалал 38 хувьд хүрч, төрийн өмчит компаниудын борлуулалтын орлого 25 их наяд төгрөг буюу ДНБ-ий бараг гуравны нэгтэй тэнцэх хэмжээнд хүрээд байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын эдийн засаг дахь төрийн оролцоо хэт тэлж, иргэн бүрийн эдийн засгийн эрх чөлөө улам бүр хумигдаж байна.
Тиймээс Ардчилсан намын бүлгээс Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг санаачлан боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлсэн. Энэхүү хуулийн төсөл нь эдийн засаг дахь төрийн оролцооны хүрээ, хязгаарыг тодорхой тогтоох зорилготой. Тухайлбал, төр хувийн хэвшилтэй ямар ч нөхцөлд өрсөлдөхгүй байх, бараа, үйлчилгээний үнийг захиргааны аргаар тогтоохгүй байх, татварыг зөвхөн хуулиар бий болгож, өөрчлөх зарчмыг баталгаажуулах, төрийн өмчит компанийг үндэслэлгүйгээр шинээр байгуулахгүй байх зэрэг төрийн оролцоог хязгаарласан суурь зохицуулалтуудыг тусгасан.
Ардчилсан намын бүлгээс өргөн мэдүүлсэн Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг Засгийн газраас өргөн барьсан Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төсөлтэй нэгтгэн хэлэлцэж байгаа бөгөөд өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар эцсийн хэлэлцүүлгийг хийх гэж байна.
Гэвч Засгийн газар нэг талаас эдийн засаг, бизнесийн эрх чөлөөг дэмжсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байгаа атлаа нөгөө талаас төрийн оролцоог нэмэгдүүлэх, тусгай зөвшөөрлийн тоог өсгөх агуулгатай бусад хуулийн төслүүдийг зэрэг өргөн мэдүүлж байгаад харамсаж байна.
Энэ асуудал дээр Ардчилсан нам, МАН-ын үзэл баримтлалын ялгаа тодорхой харагдаж байна. Ардчилсан нам Монгол Улсын хөгжил иргэдийн идэвх санаачилга, хувийн өмч, чөлөөт өрсөлдөөнд тулгуурлах ёстой гэж үздэг. Харин МАН төрийн оролцоо, удирдлагын тогтолцоог улам тэлэх бодлого баримталж байна. Бид цомхон бөгөөд үр ашигтай төрийг төлөвшүүлэх, татварын дарамтыг бууруулах, хувийн хэвшлийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, иргэн бүрийн эдийн засгийн эрх чөлөөг бодитоор хамгаалах бодлогыг бодит ажил болгон хэрэгжүүлэхийн төлөө ажиллах болно.