УЛС ТӨР СУДЛААЧ Ц.ЧИНБАТ: ЁС ЗҮЙ ГЭДЭГ НЭРИЙН МАЛГАЙГААР ХАЛХЛАГДСАН, ДАРАМТАД ОРСОН ПАРЛАМЕНТ БАЙЖ БОЛОХГҮЙ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх-ийн өргөн барьж буй УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах тухай хуулийн төсөл яагаад болохгүй вэ гэдгийг тайлбарлахаас өмнө ёс суртахуун, ёс зүйн тухай товч ойлголтыг өгье.

Ёс суртахуун бол хувь хүний дотоод шүүлт. Хэн ч харахгүй үед чи юу хийж байна вэ гэдгээр хэмжигддэг үнэт зүйл. Харин ёс зүй бол тэр үнэт зүйлийг нийгмийн хэмжээнд дүрэм, стандарт болгосон хэлбэр. Нэг нь дотоод зарчим, нөгөө нь гадаад хариуцлага. Мэргэжлийн ёс зүйн код бол тухайн мэргэжлийг эзэмшсэн хүний нэр төр, бахархал. Байгууллагын ёс зүй бол тухайн байгууллагын соёл. Харин парламентын ёс зүй бол ардчиллын тулгуур институцийн итгэлийг хамгаалдаг стандарт. Тэр нь гишүүдийг айлгах хэрэгсэл биш эрх мэдлийг хязгаарлах зарчим юм.

За гол асуудалдаа ороход энэ хуулийн төсөл “ёс зүй зөрчсөн”, “тангараг няцсан”, “итгэл алдсан” гэх мэт улс төрийн зорилготойгоор УИХ-ын гишүүний мандатыг эргүүлэн татах боломж нээж байна. Энэ нь хариуцлага биш парламентын бие даасан байдлыг задлах механизм.

УИХ-ын гишүүн бол олон нийтийн түр зуурын уур хилэнгээр хэмжигддэг албан тушаалтан биш. Тэр бол чөлөөт мандаттай төлөөлөгч. Ёс суртахуунгүй гишүүн ч иргэдээс сонгогдсон энэ чөлөөт мандатын дагуу хууль батлах бүрэн эрхтэй. Ийм үндэслэлээр гишүүнийг татах нь парламент бодлого ярьдаг институц биш, харин олон нийтийн дарамтад амьдардаг эмзэг бүтэц болгоно.

Ингэснээр гишүүд зарчим барихаа больж, олон нийтийн түр зуурын хандлагад тааруулж шийдвэр гаргах болно. Хэнийг ч зохион байгуулалттай дайралтаар “итгэл алдсан” болгож болно. Парламент сулрах тусам эрх мэдэл төвлөрөх зам нээгдэнэ. Монгол Улсад ёс зүйн хариуцлага тооцох тогтолцоо бий. Түүнийг сайжруулахын оронд улс төрийн шинжтэй “эргүүлэн татах” механизм нэмж оруулах нь хариуцлага биш эрх мэдэлтэн гишүүнийг дуулгавартай байлгах гэсэн санаа.

Тиймээс ёс зүй, тангараг, “итгэл алдсан” гэх улс төрийн зорилготойгоор парламентын гишүүний мандат руу халдаж болохгүй. УИХ-ын гишүүдэд хандаж хэлэхэд; УИХ-ын гишүүн та бүхэн энэ хуулийг баталж болохгүй. Энэ бол нэг хүний асуудал биш, Монголын ардчилал, эрх чөлөө, тусгаар тогтнолын дархлааны асуудал.

Ялангуяа Монгол Ардын Нам-ын гишүүд намынхаа авлигажсан соёлд барьцаалагдсан дотоод дарамт, “даргын зөв” гэх өв соёлынхоо өмнө бөхийвөл та нар парламентын дархлааг өөрсдөө нураана. Өнөөдөр энэ хуулийг батлавал  маргааш та өөрөө тэр “итгэл алдсан” гишүүн болно.

Эцэст нь хэлэхэд ёс зүй гэдэг нэрийн малгайгаар халхлагдсан дарамтад орсон парламент байж болохгүй. Харин эрх мэдлээ хамгаалж чадахгүй парламент бол ардчиллыг хамгаалж чадахгүй. Эрүүл ухаантай хэсэг нь тунгаана биз.

Нийт сэтгэгдэл (0)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.