Баянгол дүүргийн Ардчилсан нам бизнесийн холбоод болон бизнесийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудтай хамтран “Баянгол бизнес форум”-ыг өнөөдөр /2026.10.26/ зохион байгууллаа. Тус дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй жижиг, дунд бизнес эрхлэгчид, ААН-үүд, банк санхүүгийн болон бизнесийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудын 300 орчим төлөөлөгчид форумд оролцлоо.
О.ЦОГТГЭРЭЛ: ЧӨЛӨӨТ ЭДИЙН ЗАСГИЙН ОРОН ЗАЙ ХУМИГДСААР БАЙНА. ТИЙМЭЭС НИЙГМИЙН СУУРЬ ӨӨРЧЛӨЛТ ЗАЙЛШГҮЙ ХЭРЭГТЭЙ
Форумын нээлтэд Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл, Баянгол дүүргийн Ардчилсан намын дарга, УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар, Баянгол дүүргийн Ардчилсан намын Дэд дарга Д.Энхтуяа нар оролцож үг хэлэв. Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл хэлсэн үгэндээ“Ардчилсан нам баялаг бүтээгчдийг дэмжих бодлого баримталж ирсэн. Төр цомхон байх нь татвар бага байх нөхцөлийг бүрдүүлнэ. Өнөөдөр төсөв эдийн засгийн 40 хувийг эзэлж, төрийн өмчит компаниуд эдийн засгийн 20 гаруй хувийг бүрдүүлж байна. Энэ нь төрийн оролцоо их, олон асуудал албан тушаалтны шийдвэр, гарын үсгээс хамааралтай байгааг харуулж байна. Монгол Улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас татгалзаж, хувийн өмч, хувийн санаачилгад тулгуурласан зах зээлийн эдийн засгийг сонгосноо Үндсэн хуулиар баталгаажуулсан. Гэвч сүүлийн 36 жилийн хугацаанд энэ үзэл санаа бүдгэрч, чөлөөт эдийн засгийн орон зай хумигдсаар байна. Тиймээс нийгмийн суурь өөрчлөлт зайлшгүй хэрэгтэй. Энэхүү өөрчлөлтийг Ардчилсан нам л хийж чадна. Бид бодлогоо хэрэгжүүлэхийн төлөө засаглахын төлөө хичээнэ. Та бүгд дэмжээрэй” хэмээв.

О.АМГАЛАНБААТАР: ИРГЭН БҮРД ТЭГШ БОЛОМЖ ОЛГОЖ, ШУДАРГА ӨРСӨЛДӨӨНИЙГ БИЙ БОЛГОХЫН ТӨЛӨӨ АРДЧИЛСАН НАМ АЖИЛЛАНА
Баянгол дүүргийн Ардчилсан намын дарга, УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар “Өөрийн хүч хөдөлмөрөөр бизнесээ авч яваа хүмүүс маш хүнд замыг туулж байна. Албан тушаалтнуудад олгогдсон давуу эрх, боломжтой өрсөлдөх амаргүй. Сүүлийн 10 жилд улс төрийн нөлөө, хамаарлаар давуу байдал олж авсан компаниуд амжилттай ажиллах нөхцөл бүрдсэн. Үүнийг өөрчлөхгүй бол нийгмийн бухимдал улам нэмэгдэнэ. Тиймээс иргэн бүрд тэгш боломж олгож, шударга өрсөлдөөнийг бий болгохын төлөө Ардчилсан нам ажиллана. Үүний тулд 2027, 2028 оны сонгуульд дараалан ялах учиртай” гэв.
Д.ЭНХТУЯА: БАЯЛАГ БҮТЭЭГЧДЭЭ ДЭМЖИЖ, ШУДАРГА ЁСЫГ ТОГТООН, ЭДИЙН ЗАСГИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ БОДИТООР ХАНГАХ НЬ ЧУХАЛ
Харин Баянгол дүүргийн Ардчилсан намын Дэд дарга Д.Энхтуяа “Ардчилсан намын бодлогын үндсэн чиглэл болох эдийн засгийн эрх чөлөө, хувь хүний эрх чөлөө, шударга ёс, улс төрийн эрх чөлөө, үндэсний эрх чөлөө гэсэн таван зарчмыг бодлого, үйл ажиллагаандаа тунхагласан. Эдгээр эрх чөлөөний төлөө Ардчилсан намын гишүүд, дэмжигчид үеийн үед тэмцэж ирсэн. Ардчилсан намын бүлэг Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-аар батлуулсан. Энэ хууль нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг бодит амьдралд хэрэгжүүлэхэд чиглэж байгаа юм. Баялаг бүтээгчдээ дэмжиж, шударга ёсыг тогтоон, эдийн засгийн эрх чөлөөг бодитоор хангах нь чухал. МАН авлигад идэгдсэн бол Ардчилсан нам баялаг бүтээгчдийг дэмждэг. Эрх баригч намын хулгайн хэргүүд хариуцлага хүлээсэн үү гэвэл үгүй. Харин энэ бүгдийг Ардчилсан намын бодлого засна гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Үргэлжлүүлэн Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн Л.Баян-Алтай “Баянгол дүүргийн бизнесийн орчин, өнөөгийн нөхцөл байдал” сэдвээр илтгэл тавьсан юм.
Бизнес эрхлэгчдийн зүгээс татварын дарамт өндөр, бодлогын тогтворгүй байдал нь үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж буйг онцлов. Тэд ялангуяа татварын орчны байнгын өөрчлөлт, ойлгомжгүй зохицуулалтууд нь урт хугацаанд төлөвлөх боломжийг хязгаарлаж, хөрөнгө оруулалт татахад хүндрэл учруулж байгааг хэлж байлаа.

Мөн эдийн засаг дахь төрийн оролцоо хэт өндөр, зах зээлийн зарчмыг хязгаарласан шийдвэрүүд нэмэгдэж байгаа нь хувийн хэвшлийн идэвх, өрсөлдөх чадварыг сулруулж байгааг шүүмжилсэн юм. Цаашид форумын үеэр гарсан санал, зөвлөмжийг нэгтгэн бодлогын түвшинд хүргүүлэхийн зэрэгцээ Баянгол дүүргийн Ардчилсан намаас бизнес эрхлэгчдэд чиглэсэн хэлэлцүүлэг, уулзалт, арга хэмжээг тогтмол зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж.