“Цөлжилттэй тэмцэх конвенцын 2026 оны Үндэсний тайлан” болон “Цөлжилтийн төлөв байдлын 2026 оны үндэсний тайлан – АТЛАС”-ыг танилцуулах хэлэлцүүлэг боллоо.
Хэлэлцүүлэгт төрийн байгууллага, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагын төлөөлөл оролцож, Монгол орны цөлжилт, газрын доройтлын өнөөгийн төлөв байдал, өөрчлөлтийн хандлага, цаашид хэрэгжүүлэх бодлого, арга хэмжээний талаар санал солилцов.
“Цөлжилтийн төлөв байдлын үндэсний тайлан – АТЛАС” нь Монгол орны цөлжилт, газрын доройтлын төлөв байдал, орон зайн тархалт, өөрчлөлтийн хандлагыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр нэгтгэн харуулсан мэдээллийн сан бөгөөд цаашдын бодлого, төлөвлөлт, шийдвэр гаргалтын суурь болно.
Тус тайлан, атласын мэдээллийг газрын доройтлын төлөв байдлыг үнэлэх, цөлжилтөөс сэргийлэх, доройтсон газрыг нөхөн сэргээх арга хэмжээг оновчтой төлөвлөх, салбар хоорондын уялдааг хангах зэрэгт онцгой ач холбогдолтой. КОП17 хурлын өмнө цөлжилт, газрын доройтлын тайлангаа танилцуулж байгаа нь олон чиглэлд суурь болох төдийгүй газрын доройтлын асуудалд сануулга, дохио болж байгааг онцлоод Засгийн газрын хуралдаанд танилцуулсны дараа Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаанд танилцуулах нь зүйтэй гэдгийг БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир онцлов.
Цөлжилт, газрын доройтлын асуудалд хамрагдахгүй салбар гэж байхгүй. Тиймээс тайланг боловсруулах, нэгтгэх, мэдээллийг олон нийтэд танилцуулахад зөрүүтэй мэдээлэл гаргахгүй байх, ялгаа, заагийг ойлгуулах нь чухал гэдгийг анхаарууллаа.
Цөлжилт, газрын доройтлын үндэсний тайланг 5 жилд нэг удаа шинэчилдэг.
Энэ жил хууль эрхзүйн орчныг шинэчилж байгаа цаг хугацаатай уялдуулан ажиллаж байгааг судалгааны багаас танилцууллаа.
Тайлан мэдээллийг гаргахын тул судалгааны 1500 цэгт ажиллаж, тооцоо судалгааг нэгтгэж байгааг эрдэмтэн, судлаачид онцлов.
