ЭРДЭМТДИЙН ЗӨВЛӨЛ АСААГЧ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТУРШИЛТЫН ҮР ДҮНТЭЙ ТАНИЛЦЛАА

Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны тогтоолоор гал асаагч, түлшний шаталтыг дэмжигч бүтээгдэхүүнүүдийн туршилтын дүнг тус хорооны дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлөөр хэлэлцүүлэхийг чиглэл болгосон. Энэ дагуу Эрдэмтдийн зөвлөлийн өнөөдөр /2026.07.21/-ийн хуралд шахмал түлшний асаагчийн лабораторийн шинжилгээний хариу болон туршилтын үр дүнг танилцуулан хэлэлцүүлэв.

Тавантолгой түлш компани шахмал түлш асаагч бүтээгдэхүүнийг модтой харьцуулан туршилт хийсэн байна. Мөн лабораторийн шинжилгээгээр асаагч бүтээгдэхүүнүүдийн техникийн үзүүлэлт болон хаягдал утааны хэмжээ, шаталтаас үүсэх хийн агуулгыг тодорхойлжээ.

Шахмал түлш асаасан туршилтаар асаагч бүтээгдэхүүнүүд үнэр, утаагүй, дөл өндөртэй, асаахад хялбар, бүрэн шаталттай байсныг Тавантолгой түлш ХХК-ийн Ерөнхий технологич Д.Өлзийбат танилцуулав.

Туршилт болон лабораторийн шинжилгээний үр дүнгээр асаагч бүтээгдэхүүнээр хагас коксон шахмал түлшийг асаах боломжтойг баталж, гал асалтын үеийн утаа мэдэгдэхүйц буурсан байна.

Эрдэмтдийн зөвлөл асаагч бүтээгдэхүүний талаар зөвлөмж гаргаж, холбогдох байгууллагуудад хүргүүлнэ.

Нийт сэтгэгдэл (0)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.