Монгол Улсад орчин цагийн Цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний 105, Дотоодын цэргийн 104, Нийслэлийн цагдаагийн удирдах газрын 100 жилийн ой, Цагдаа, дотоодын цэргийн Ахмадын хорооны 60 жил, “Цагдаагийн болон дотоодын цэргийн алба хаагчийн өдөр”-ийн баярын хурал, хүндэтгэлийн тоглолт өнөөдөр /2026.07.17/ Соёлын төв өргөөнд зохион байгуулагдаж байна.
Хурлыг нээж Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан, Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж.Болд нар нийт бие бүрэлдэхүүнд баярын мэндчилгээ дэвшүүлэв.
Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас нийслэл хотын иргэдийн аюулгүй байдал, амар тайван байдлыг сахин хамгаалах ариун үйлсэд нэгэн зууны турш нэр төртэйгээр хүчин зүтгэсэн “Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын түүхт 100 жилийн ой”-г тохиолдуулан цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны чадавхыг бэхжүүлэх, иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг илүү хүртээмжтэй, шуурхай болгоход дэмжлэг үзүүлэх зорилгоор албаны 10 (арав) ширхэг автомашиныг шийдвэрлэсэн батламжийг Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ажлын албаны дарга Б.Оюу-Эрдэнэ Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга, цагдаагийн хурандаа Г.Арсланхуягт гардуулав.
Түүхт ойг тохиолдуулан гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, улсын онц чухал объектыг хамгаалах ажилд идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажилласан тус газрын харьяа байгууллагын 5 алба хаагч Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд одон, медалиар, 1 алба хаагч Хууль зүй, дотоод хэргийн яамны шагналаар, 1 алба хаагч Цагдаагийн ерөнхий газрын шагналаар буюу нийт 7 алба хаагч шагнууллаа.
"Цагдаагийн хурандаа" цолоор Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн дэд хурандаа П.Нэмэхбаатар мөн Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Н.Бямбажав нар цол шагнагдлаа.



Эрхэм хүндэт алба хаагч, ажилтан, үе үеийн ахмадууд Та бүхэнд түүхт ой, “Цагдаагийн болон дотоодын цэргийн алба хаагчийн өдөр”-ийн баярын мэндийг хүргэе.
Эх сурвалж: Нийслэлийн цагдаагийн удирдах газар