МОНГОЛ УЛСАД ОРЧИН ЦАГИЙН ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА ҮҮСЭЖ ХӨГЖСӨНИЙ ТҮҮХТ 105 ЖИЛ, ДОТООДЫН ЦЭРГИЙН БАЙГУУЛЛАГЫН 104 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН МЭНДИЙГ ӨРГӨН ДЭВШҮҮЛЬЕ.
Монголын цагдаа, дотоодын цэргийн байгууллага нь улс орны нийгэм, төрийн байгууллын хөгжлийн бүхий л үе шатыг туулж, хууль ёсыг сахин хамгаалах, үндэсний аюулгүй байдлыг бэхжүүлэх, нийтийн хэв журам, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах хуулиар хүлээсэн үүргээ үргэлж нэр төртэй биелүүлж ирсэнд Монгол Улсын Засгийн газар, Хууль зүй, дотоод хэргийн яамны нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Өнөөдрийн байдлаар цагдаа, дотоодын цэргийн байгууллага Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй 123 хуулийг үндсэн чиг үүргийнхээ хүрээнд хэрэгжүүлж, улсын хэмжээнд жил бүр дунджаар 660 мянга орчим дуудлага, мэдээлэл, 300 мянга гаруй өргөдөл, гомдлыг хүлээн авч шийдвэрлэж байна.
Хууль зүй, дотоод хэргийн яам цагдаа, дотоодын цэргийн байгууллагын бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааг өнөөгийн хурдацтай өөрчлөгдөж буй гэмт хэргийн нөхцөл, үндэсний аюулгүй байдлын шинэ эрсдэлтэй уялдуулан шинэ шатанд гаргах нь зорилт тавин ажиллаж байгаа билээ.
Бид өнгөрсөн зууны хэрэгцээнд нийцсэн тогтолцооноос XXI зууны шаардлагад нийцсэн, иргэн төвтэй, мэргэшсэн, стандартжсан, технологид суурилсан, шуурхай удирдлагатай, хариуцлага нь тодорхой орчин үеийн хууль сахиулах тогтолцоонд үе шаттай шилжинэ. Энэ шинэчлэлийн үндэс нь чиг үүргийг оновчтой болгох, давхардлыг арилгах, мөрдөн шалгах ажиллагааг илүү мэргэшүүлэх, урьдчилан сэргийлэх бодлогыг бэхжүүлэх, хар тамхи, кибер болон санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх үндэсний чадавхыг нэмэгдүүлэх, цахим мэдээлэл, дүн шинжилгээ, хиймэл оюун ухаанд суурилсан шийдвэр гаргалтыг хөгжүүлэхэд чиглэнэ.
Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын нийгмийн баталгааг хангах асуудал төрийн бодлогын тэргүүлэх чиглэл байх ёстой. Иймд ирэх жилүүдэд 15000 алба хаагчийг хамруулах орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлж, алба хаагчдын хэрэгцээнд зориулан шаардлагатай газрыг нийслэл аймаг дүүрэгт шийдвэрлэх болсон.
Мөн алба хаагчдын цалингийн хэмжээг үе шаттайгаар 50 хувиас дээш нэмэгдүүлэх, онцгой нөхцөлийн нэмэгдлийг 40 хувь болгон нэмэгдүүлэх ажлыг бүрэн хэрэгжүүлэхийн төлөө салбарын сайдын хувьд онцгой анхаарч ажиллана.
Та бүхний өргөсөн тангараг, эх орон, ард түмнийхээ төлөө гэсэн чин үнэнч сэтгэл, мохошгүй зүтгэл бол Монгол төрийн бат бөх тулгуур, хууль ёсны дархлаа юм.
Монгол төрийн сүр хүч, хууль ёсны баталгаа болсон Цагдаа, Дотоодын цэргийн байгууллагын яруу алдар үеийн үед мандан бадрах болтугай.
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД С.АМАРСАЙХАН