ДОРНОД АЙМАГ БАЙГУУЛАГДСАНЫ ТҮҮХТ 95 ЖИЛИЙН ОЙН БАЯР НААДМЫГ НЭЭЖ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА ШҮХЭРТИЙН ЁЛЫН ХЭЛСЭН ҮГИЙГ БҮРЭН ЭХЭЭР НЬ ХҮРГЭЖ БАЙНА

Эрхэм хүндэт Дорнод нутгийн зон олон минь

Эрхэм хүндэт Төрийн түшээд, зочид төлөөлөгчид өө

Эрхэм хүндэт Наадамчид аа Уудам тал нутагтаа хотол олноороо налгар сайхан зусаж байна уу.

Бид төрт ёсныхоо цэнгэлийн манлай Үндэсний их баяр наадмаа эрх чөлөө, тусгаар тогтнол, эв нэгдэл, гүн бахархлынхаа бат илэрхийлэл болгож,

Үеэс үед өртөөлөн залгамжилж, эрхэмлэн сахисан өнө мөнхийн голомт нутагтаа ёслол төгөлдөр тэмдэглэх гэж байна.

Та бидний амьдран суугаа энэ нутаг бол Монгол улсын тусгаар тогтнолын өлгий нутаг юм. Тусгаар тогтнол бол зүгээр нэг түүхийн хуудаснаа үлдсэн нэр томьёо биш, энэ бол бидний амьсгалж буй агаар, гишгэж буй шороо, эх хэл минь билээ. Бид ямар агуу гавьяагаар тэтгэгдсэн газар нутаг, ямар суутнуудын үр сад гэдгээрээ үргэлж омогшиж явах учиртай.

Их Монгол Улсын тулгыг тулж, хөвгүүдээ эв эе, төрийн жолоонд хөтөлсөн Өүлүн эх, Монгол их гүрний төрийн хэрэгт ухаанаараа тулгуур болсон Бөртэ үжин хатан нар бол энэ л тал нутгаас эхтэй.

Монгол улсын соён гэгээрлийн суурийг тавьсан нэрт шинэчлэгч, соёлын үнэт бүтээлүүдийн эзэн Хэцүү то ван буюу Бат-Очирын Тогтохтөр бол Дорнод нутгаас төрөн гарсан хосгүй оюун билэгтэн билээ.

Харийн дарлалын эсрэг эх орон газар шорооныхоо төлөө цогтой тэмцэгч үндэсний баатар, Манлай ван Жамсрангийн Дамдинсүрэнгийн зүрх зориг, бидний цусанд бий.

Монгол Улсын тусгаар тогтнолыг дэлхийн тавцанд тамгалж, хил хязгаараа баталгаажуулсан БНМАУ-ын Маршал Хорлоогийн Чойбалсангийн алсын хараа, зүтгэл Монголын бахархал.

Халхын гол, Мэнэнгийн тал, Хянганы нуруу хүртэлх энэ уудам тал нутгийг амиараа хамгаалж үлдээсэн, өвөг дээдсийн баатарлаг тэмцлийг гэдгээ санах бүрийд таны, миний, бид бүгдийн зүрх омогшиж байх учиртай.

Эрхэм хүндэт Дорнодчууд аа!

Тусгаар тогтнолын баталгаа бол зөвхөн хил хязгаар биш, тухайн нутаг орны эдийн засаг, бүтээн байгуулалт, хөгжил дэвшлийн илэрхийлэл билээ. Наадмаас наадмын нэгэн жилийн эргэлтэд цас зудтай өвлийг өнтэй давж, хаврын хатууг ажралгүй мал сүргийнхээ толгойг өсгөн, эцэг өвгөдийн голомтоо сахин суугаа малчид, эх орныхоо хөрсөнд алтан тариагаа соёолуулж, хүн ардаа эрүүл хүнсээр хангаж буй тариаланчид, цаг наргүй хөдөлмөрлөж, улс орныхоо хөгжлийн хүрдийг урагшлуулж буй баялаг бүтээгчид, инженер, ажилчид та бүхнээрээ бахархаж байна.

Дорнод аймаг хүний хөгжлийг дэмжсэн нийгмийн салбарын хүүадийн хөгжил хамгааллыг дэмжсэн "Хүн болох багаасаа", " Хүүхэд-Эрдэнэ" төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж, улсдаа жишиг болж, зарим төслүүд үндэсний хэмжээнд хэрэгжиж байна.

Энэ онд нийт хүн амын маань 56 хувь нь амьдарч буй Чойбалсан хотын олон жил гар хүрээгүй цэвэр ус, дулааны төв магистрал шугам сүлжээг бүрэн шинэчлэн, өргөтгөх ажил ондоо багтан дуусаж байна.

-Ирээдүйн Чойбалсан хотын өнгө төрх болох 1800 айлын шинэ суурьшлын бүсийн дэд бүтцийг иж бүрнээр нь шийдэж, хот доторх автозамын сүлжээг эрс нэмэгдүүлж байна.

-Бид зүүн хязгаарын хаалгыг олон улсын тавцанд нээж Баян-Уул сумаас Ульхан боомт, Хэрлэн сумаас Хавирга боомт,Хэнтий аймгийн Норовлин сумаас Дорнод аймгийн Баян-Уул сум чиглэлийн хатуу хучилттай замын ажлуудыг үргэлжлүүлж байна.

-Мянганы замын эвдрэлтэй хэсгүүдийг шинэчлэх их ажлыг эхлүүлээд байгаа ба эдгээр бүтээн байгуулалтууд нь ирэх онд бүрэн хэрэгжиж дууссанаар зүүн бүс нутаг цаашлаад Монгол улсын тээвэр ложистикийн гол зангилаа, Дорнод аймгийн эдийн засгийн тулгуур баталгаа болох юм

-Хот хөдөөгийн ялгааг бид үгээр биш үйл үйлдлээрээ арилгаж байна. Сумдын суурь дэд бүтцийг үе шаттай шийдэж, инженерийн төвлөрсөн шугам сүлжээг нэвтрүүлснээр өнөөдөр хөдөөгийн 9 сумаа төвлөрсөн дэд бүтэцтэй болгож байна. Мөн бүх суманд “Нутгийн ирээдүй” орон сууцны төслийг амжилттай хэрэгжүүлж, сумдын иргэд маань тохилог орон сууцанд амьдрах боломжийг бүрдүүлж байна.

-Хөгжил дэвшлийн гол хөдөлгүүр бол бүтээн байгуулалт. Энэ ч утгаараа 2026 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Чойбалсан нисэх буудлын зурвасыг шинэчлэх, төмөрбетон гүүр барих, сургууль, цэцэрлэг, дотуур байр, шүүхийн барилгууд зэрэг шинээр нийт 124.9 тэрбум төгрөгийн өртөг бүхий 8 төсөл хэрэгжиж эхэлж байна. Эдгээр бүтээн байгуулалт хэрэгжиж дууссанаар Дорнод нутаг маань хөгжлийг шинэ шатанд хүргэх боломж гэж харж байна.

Ийнхүү Дорнод аймагт тулгамдаж буй асуудлуудыг төрийн бодлогын түвшинд гаргаж ажилласан Зүүн бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүд болох Мягмарсүрэнгийн Бадамсүрэн, Лхагвасүрэнгийн Соронзонболд, Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ, Шинэбаярын Бямбасүрэн, Цагаанхүүгийн Идэрбат, Ухнаагийн Отгонбаяр, Мөнгөнцогийн Ганхүлэг нартаа нийт Дорнодчуудынхаа өмнөөс гүн талархал илэрхийлье.

Эрхэм хүндэт наадамчид аа!

Хурмаст тэнгэр хур бороогоо хайрлаж, эх дэлхий ногоон дээлээ өмсөж, тал нутаг минь хурдан морьд, унаач хүүхдүүдийн гийнгоогоор сэрж, уул ус сурын уухайгаар амилан, эрхий мэргэн харваачдын цэц магнай, эрэмгий хүчит бөхчүүдийн бяр хүч наадамчин олны мэлмийг баясгаж байна.

Баяр наадмын өдрүүдэд ч Дархан хилээ манаж буй хилчид, хүн ардынхаа эрүүл энхийн манаанд зогсож байгаа эрүүл мэндийн салбарынхан, улс орон, ард иргэдийнхээ аюулгүй байдлыг ханган ажиллаж байгаа төрийн албан хаагчид, цэрэг, цагдаа, онцгой байдлын ажилтан албан хаагчиддаа тусгайлан гүн талархал илэрхийлье.

Эрхэм наадамчид аа, Эрхэм зочдоо!

Монгол Улсын өнцөг булан бүрд амьдран суугаа нутгийн зон олон Та бүхэндээ Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жил, Ардчилсан хувьсгалын 36 жил, Дорнод аймаг байгуулагдсаны 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмын мэндчилгээг өргөн дэвшүүлье.

Тал нутаг шигээ уужим сэтгэлтэй, ургах нар шигээ өөдрөг, хөдөлмөр бүтээлч нутгийн зон олон минь эх орончдынхоо асаасан гал, бүтээсэн үйлсийг нэр төртэй үргэлжлүүлж, тусгаар тогтнолынхоо үнэ цэнийг зүрхэндээ дархлан, өвөг дээдсийнхээ үлдээсэн энэ сайхан нутагтаа бахархал дүүрэн, омогшил төгс, баяр цэнгэлтэй дэнж хотойтол дэлгэр сайхан наадаарай.

Нийт сэтгэгдэл (0)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.