ДЭЛХИЙ НИЙТЭЭР ХУВАНЦАР БОХИРДЛЫН АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА

Бүгд Найрамдах Кени Улсын Найроби хотноо “Хуванцар бохирдлын асуудлаар олон улсын эрхзүйн баримт бичиг боловсруулах” Засгийн газар хоорондын хэлэлцээрийн (Intergovernmental Negotiating Committee on Plastic Pollution/INC) хорооны улс орнуудын төлөөлөгчдийн албан бус уулзалт боллоо.

Уулзалтад 160 гишүүн орноос 149 гишүүн орны 373 төлөөлөгч оролцож байна. Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хороо (INC) нь 2022 онд болсон Нэгдсэн Үндэстний Байгууллагын Байгаль орчны Ассамблейн тавдугаар чуулганы үргэлжилсэн хуралдаанаар (UNEA-5.2) баталсан 5/14 дүгээр "Хуванцар бохирдлыг эцэслэх нь: Олон улсын эрхзүйн хүчинтэй баримт бичиг боловсруулах нь" тогтоолын хүрээнд байгуулагдсан.

Хуванцрын амьдралын мөчлөгийг хамарсан, тухайлбал үйлдвэрлэл, бүтээгдэхүүний загвар, хэрэглээ, хог хаягдлын менежмент болон далайн орчин дахь хуванцар бохирдлыг багтаасан асуудлыг шийдвэрлэх олон улсын эрх зүйн хүчинтэй гэрээг боловсруулах үүрэгтэй.

Ирээдүйн энэхүү гэрээ нь хуванцар бохирдлыг бууруулах, эргэлтийн эдийн засгийг дэмжих, тогтвортой үйлдвэрлэл, хэрэглээг төлөвшүүлэх, хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчныг хамгаалах олон улсын нэгдсэн тогтолцоог бүрдүүлэхийн зэрэгцээ улс орнуудын хөгжлийн түвшин, үндэсний нөхцөл байдал, хэрэгжүүлэх чадавхын ялгаатай байдлыг харгалзан үзэх зорилготой.

 

Нийт сэтгэгдэл (0)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.