УИХ-ЫН ГИШҮҮН С.ЦЭНГҮҮН: АРДЧИЛСАН НАМ ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН ЗАСАГЛАЛЫГ ОЛОН УЛСЫН САЙН ТУРШЛАГАД НИЙЦҮҮЛЭН ШИНЭЧИЛНЭ

УИХ-ын гишүүн, Ардчилсан намын бүлгийн дэд дарга С.Цэнгүүн АН-ын 4:11 мэдээллийн цагаар мэдээлэл хийлээ.

Монгол Улсад өнөөдрийн байдлаар 900 гаруй хууль, тогтоомж хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Гэвч эдгээрийн дунд хоорондоо зөрчилтэй, буруу үр дагавар дагуулсаар ирсэн зохицуулалтууд цөөнгүй бий. Үүний тод жишээ нь БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хууль юм.

Энэхүү хууль нь 1991 онд батлагдсан бөгөөд өнөөдрийг хүртэл хэрэглэж ирсэн буруу тогтолцоог хүчингүй болголоо. 1992 онд Монгол Улсын шинэ Үндсэн хууль хүчин төгөлдөр болсноор эрх зүйн хувьд хэрэглэх үндэслэлгүй болсон байсан. Гэсэн хэдий ч 2019 оноос эхлэн уг хуулийг үндэслэн төрийн өмчит компаниудад Бүрэн эрхт төлөөлөгч (БЭТ) томилж, Засгийн газар онцгой эрх эдэлдэг буруу жишиг тогтсон. Социализмын үеийн, Үндсэн хуулийн үзэл баримтлалтай нийцэхгүй болсон хуулийг ийнхүү ашиглаж ирсэн нь эрх зүйн томоохон гажуудлыг бий болгож, төрийн өмчит компаниудын засаглалд сөргөөр нөлөөлсөн.

Харин энэхүү хуулийг хүчингүй болгосноор цаашид төрийн өмчит компаниудад дээрх хуульд тулгуурлан БЭТ томилох боломжгүй болж байна. Энэ нь төрийн өмчит компаниудын засаглалыг хууль, дүрмийн хүрээнд илүү ил тод, хариуцлагатай болгох чухал алхам бөгөөд компанийн засаглалыг шинэ шатанд гаргах бодит хөшүүрэг болно.

Бид улсын төсвийн асуудлыг байнга хэлэлцдэг ч төрийн өмчит компаниудын 100 гаруй тэрбум төгрөгийн өмч болон хөрөнгийн зарцуулалтыг хангалттай авч үзэлгүй өдийг хүрсэн.

Өнөөдөр төрийн өмчит компаниудад 50 гаруй мянган хүн ажиллаж байгаа бөгөөд олон компани алдагдалтай ажиллаж байхад ажилтнууд нь сард сард 20 сая төгрөгийн цалин авч байгаа буруу тогтолцоог ардчилсан нам үе шаттайгаар сайжруулах чиглэлд анхаарч ажиллах болно. Ардчилсан нам төрийн өмчит компаниудын засаглалыг олон улсын сайн туршлагад нийцүүлэн шинэчлэх, ил тод байдал, хариуцлагыг нэмэгдүүлэх, үр ашиггүй зардлыг бууруулах, улс төрийн нөлөөллийг хязгаарлах чиглэлээр үе шаттай бодлогын шинэчлэлийг тууштай хэрэгжүүлэн ажиллана.

 

Нийт сэтгэгдэл (0)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.