УИХ-ЫН ГИШҮҮН С.ОДОНТУЯА: ХАР НЭРТЭЙ ЦАГААН ХОРНООС ХАМГААЛАХ БОДЛОГО ГУРВАН ТУЛГУУРТАЙ БАЙХ ЁСТОЙ

-Хүүхэд мансууруулах бодистой холбоотой хэрэгт холбогдвол асуудлыг шийдвэрлэхдээ юунд анхаарал хандуулах шаардлагатай вэ?

-Хүүхэд бол нэн тэргүүнд хамгаалагдах ёстой. Хэрэв мансууруулах бодистой холбоотой хэрэгт холбогдсон бол шууд гэмт хэрэгтэн гэж “шошголох”-оос өмнө яагаад эрсдэлд орсон. Ямар нөхцөлд байсан, хэн уруу татсан, хэн ашигласан, гэр бүлийн болон сургуулийн орчин нь ямар байсан гэх мэтчилэн зайлшгүй анхаарал хандуулж нягт нарийн шалгах учиртай. Түүнчлэн сэтгэл зүйн болон эрүүл мэндийн тусламж хэрэгтэй эсэхийг мэргэжлийн түвшинд үнэлэх ёстой.

Мэдээж хууль зөрчсөн үйлдэлд хариуцлага тооцох нь зүйн хэрэг. Гэхдээ насанд хүрээгүй хүүхдийн ирээдүйг харлуулах, хааж боомилох байдлаар хариуцлага хүлээлгэх нь гол зорилго биш. Харин дахин эрсдэлд оруулахгүйгээр хамгаалах бодлогыг баримтлах нь зүйтэй. Нэг удаагийн алдаанаас болж хүүхдийн ирээдүйг хааж болохгүй. Мэдээж ганц удаагийн алдаа гэдэг нь хүүхдийг өөгшүүлэх, ялаас хэлтрүүлэх шалтгаан болох ёсгүй.

Нөгөөтээгүүр, хүүхдийг тээвэрлэгч, зуучлагч, борлуулагч болгон ашиглаж байгаа насанд хүрсэн этгээдүүдэд илүү хатуу хариуцлага тооцох ёстой. Өөрөөр хэлбэл, хүүхэд өөрөө сүлжээний хохирогч болсон байх магадлалыг төр, хууль хяналтын байгууллага үргэлж анхаарах ёстой.

-Мансууруулах бодисын асуудлыг зөвхөн эрүүгийн бодлогоор шийдвэрлэх нь зөв шийдэл мөн үү?

-Мансууруулах бодисыг хууль бусаар нийлүүлдэг зохион байгуулалттай сүлжээг таслан зогсоохын зэрэгцээ хүүхэд залуусыг ашиглаж ашиг олдог этгээдүүдтэй төр хатуу тэмцэх ёстой. Манай улсын хувьд энэ тал дээр хариуцлага сул байж болохгүй.

Гэхдээ хэрэглээний эрсдэлд орсон хүүхэд, залуусыг зөвхөн ял шийтгэл оногдуулах замаар таслан зогсоох оролдлого нь асуудлыг бүрэн шийдэхгүй. Энэ бол нэг талаас гэмт хэрэгтэй тэмцэх, нөгөө талаас эрүүл мэнд, сэтгэл зүй, боловсрол, гэр бүл, нийгмийн хамгааллын бодлого шаардсан нухацтай хандах учиртай асуудал.

Хүүхэд яагаад ийм эрсдэлд орж байна вэ гэдгийг асуух ёстой. Гэр бүлийн хараа хяналт, сэтгэл зүйн байдал, сургуулийн орчин, найз нөхдийн нөлөө, цахим орчны уруу таталт гэх мэт нөлөөлж болохуйц хүчин зүйлүүдийг орхигдуулахгүйгээр дүгнэлт гаргах хэрэгтэй гэж хардаг.

Тиймээс бодлого гурван тулгууртай байх ёстой. Нэгдүгээрт, нийлүүлэлт, хууль бус эргэлттэй хатуу тэмцэх. Хоёрдугаарт, хүүхэд залуусын дунд урьдчилан сэргийлэх боловсрол, амьдрах ухааны сургалтыг бодитой болгох. Гуравдугаарт, хэрэглээнд өртсөн, донтох эрсдэлтэй хүүхэд залуусыг эмчлэх, нөхөн сэргээх, гэр бүлтэй нь хамтран ажиллах үйлчилгээтэй болох хэрэгтэй.

 

Нийт сэтгэгдэл (0)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.