COP17 нь газрын доройтлыг сааруулах, усны нөөц, биологийн олон янз байдал, уур амьсгал болон эдийн засгийн асуудлыг харилцан уялдаатайгаар шийдвэрлэхийн төлөө улс орнуудын бодлого, түншлэл, бодит үйл ажиллагааг нэгтгэх дэлхийн хэмжээний талбар юм. Энэхүү ач холбогдолтой арга хэмжээ Монгол Улсад зохион байгуулагдах гэж байгаа нь Монголчууд бидэнд нүүдлийн мал аж ахуйн баялаг өв соёл, бэлчээр, хөрс, газраа хамгаалж ирсэн уламжлалт мэдлэг, туршлагаа дэлхий нийттэй хуваалцах түүхэн боломжийг нээж байгаа юм.
Газрын нөхөн сэргээлт гэдэг нь зөвхөн доройтсон хөрсийг сэргээх ажил биш юм. Эрүүл газар нь усны нөөцийг хамгаалж, ургамал, амьтны амьдрах орчныг тэтгэн, ган, цөлжилт болон уур амьсгалын өөрчлөлтийн эрсдэлийг бууруулах байгалийн суурь болдог. Тиймээс эх байгалиа сэргээх нь амьдралыг хамгаалж, нийгэм, экосистемийн тэсвэртэй байдлыг нэмэгдүүлэх урт хугацааны хөрөнгө оруулалт болдог.
Нөхөн сэргээгдсэн газар нь мал аж ахуй, хүнсний үйлдвэрлэл, орон нутгийн иргэдийн амьжиргааг дэмжихийн зэрэгцээ ногоон ажлын байр бий болгож, тогтвортой эдийн засгийн шинэ боломжийг нээдэг.



#UNCCDCOP17 #COP17Mongolia #Ulaanbaatar2026 #НэгӨгүүлбэрээрЦуврал