Монгол Улсад өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, байнгын асаргаа шаардлагатай хүн, жирэмсний болон төрсний дараах үеийн эх, нярайд үзүүлэх асрах үйлчилгээний эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор Асрах үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн барилаа.
Энэхүү хуулийн төслийн зорилго нь асрах үйлчилгээг нийгмийн хамгааллын бие даасан тогтолцоо болгон хөгжүүлж, төр, хувийн хэвшлийн түншээр дамжуулан иргэн бүр хэрэгцээтэй үедээ чанартай, хүртээмжтэй, стандартын шаардлага хангасан үйлчилгээ авах эрх зүйн үндсийг бүрдүүлэхэд оршиж буй юм.
Хуулийн төслийн хүрээнд:
Асрах үйлчилгээний төрөл, стандарт, чанарын шаардлагыг хуульчилна.
Гэрийн асаргаа, өдрийн үйлчилгээ, түр асаргаа, байршуулан асрах зэрэг олон хэлбэрийн үйлчилгээг хөгжүүлнэ.
Асрах үйлчилгээ үзүүлэгч байгууллага, мэргэжилтний эрх зүйн зохицуулалтыг бий болгоно.
Асрагчийн мэргэжлийн сургалт, гэрчилгээжүүлэлтийн тогтолцоог бүрдүүлнэ.
Төр, хувийн хэвшлийн түншлэлд суурилсан үйлчилгээний тогтолцоог хөгжүүлнэ.
Асрах үйлчилгээний даатгал, санхүүжилтийн тогтолцоог үе шаттайгаар бүрдүүлэх боломжийг нээнэ.
Монгол Улсад хүн амын насжилт нэмэгдэж, асрах үйлчилгээний хэрэгцээ жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа энэ үед уг хууль нь иргэдийн амьдралын чанарыг сайжруулах, гэр бүлийн асаргааны ачааллыг бууруулах, асрахуйн хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой гэж хуулийг санаачлагч онцоллоо.
