БОУАӨ-ИЙН САЙД Ц.САНДАГ-ОЧИР: МОНГОЛ УЛС ЗӨВХӨН АСУУДЛЫГ ХӨНДӨН ТАВИХ БУС ШИЙДЛИЙГ БОДИТООР ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ЧИГЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай Конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг зохион байгуулах Ажлын алба ээлжит COPTIME хурлаа тус хурлыг зохион байгуулах бүтээн байгуулалтын талбайд хийлээ. Энэхүү хурлыг БОУАӨ-ийн Сайд Ц.Сандаг-Очир даргалан явуулж, Ажлын алба болон 12 дэд хорооны ажлын явц, гүйцэтгэлийн төлөвлөгөө, биелэлттэй бямба гарагт /2026.06.19/ танилцлаа.

Цаашид COPTIME хурлыг долоо хоног бүрийн Бямба гарагт тус талбайд зохион байгуулах бөгөөд дэд хороод ажлын төлөвлөгөө, биелэлтийн хувийг 7 хоногоор гаргаж шахаж ажиллахыг салбарын сайд үүрэг болголоо.

Өнөөдрийн байдлаар 12 дэд хорооны төлөвлөгөөний биелэлт 21-98 хувийн гүйцэтгэлтэй байна. Гүйцэтгэлийн хувь хэмжээ бага байгаа дэд хороодын хувьд ажлын хугацаа болоогүй, барилга байгууламж баригдаж дууссаны дараа хийгдэх шаардлагатай ажлууд дийлэнх нь байгаа юм.

Мөн өнөөдрийн хурлын дараа Сайд Ц.Сандаг-Очир Ажлын алба болон дэд хороодын холбогдох хүмүүсийг байлцуулан, хэвлэл мэдээллийн байгууллагуудад COP17 бага хурлын бэлтгэл ажлын хүрээнд хийгдэж байгаа ажлууд, төсөв, төлөвлөгөө, Монгол Улсаас дэвшүүлж буй санал санаачлага, цаашдын зорилтын талаар дэлгэрэнгүй мэдээллийг өгсөн юм.

Тэрбээр энэ үеэр “НҮБ-аас 2026 оныг Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил болгон тунхагласан нь Монгол Улс бэлчээрийн тогтвортой менежмент, нүүдлийн соёл иргэншлийн үнэ цэнийг дэлхийн тавцанд гаргах онцгой боломж тохиож байна гэж үзэж байна. СОР17 бага хурлыг эх орондоо зохион байгуулах нь бид бүхний хувьд үндэсний бодлого, мэдлэг, хөрөнгө оруулалт, олон улсын хамтын ажиллагааг нэгтгэх стратегийн том боломж юм. Өнөөдөр цөлжилт, газрын доройтол нь зөвхөн Монгол Улсын асуудал биш дэлхий нийтийн асуудал болоод байгаа энэ үед Монгол Улс зөвхөн асуудлыг хөндөн тавьж бус, шийдлийг бодитоор хэрэгжүүлэхэд анхаарч ажиллаж байна” гэдгийг онцоллоо.

 

СОР17: АВТО ЗАМ, ЗОГСООЛЫН НЭГДҮГЭЭР ЭЭЛЖИЙН АЖЛЫН ГҮЙЦЭТГЭЛ 85 ХУВИЙН ГҮЙЦЭТГЭЛТЭЙ БАЙНА

Дэлхийн хэмжээнд газрын доройтол, цөлжилттэй тэмцэх бодлого, шийдвэрийг тодорхойлох энэхүү нэр хүндтэй хурлыг Монгол Улс эх орондоо зохион байгуулах нь байгаль орчны салбар дахь манай улсын манлайлал, оролцоог олон улсад таниулах чухал боломж болох юм.

Энэ хүрээнд өнөөдөр COP17 хурлын бэлтгэл ажлын явцтай газар дээр нь дахин танилцаж, холбогдох байгууллагуудын төлөөллөөс төлөвлөлт, салбар хоорондын уялдаа холбоо, ажлын хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо.

Бэлтгэл ажлын хүрээнд:

 Авто зам, зогсоолын нэгдүгээр ээлжийн ажлын гүйцэтгэл 85 хувь,

 Хоёрдугаар ээлжийн ажлын гүйцэтгэл 98 хувь,

 Ногоон байгууламжийн ажлын хүрээнд мод, бут сөөгийн тарилт 80 хувь,

 Гадна гэрэлтүүлгийн угсралтын ажил 70 хувьтай байна.

Түүнчлэн Цэнхэр бүсийн 12 түр барилга байгууламжийн угсралтын ажлыг олон улсын гүйцэтгэгч байгууллагуудтай хамтран үе шаттай хэрэгжүүлж байгаа бөгөөд эхний хоёр шатны ажил 90 хувь, гуравдугаар шатны ажил 70 хувийн гүйцэтгэлтэй байна.

Монгол Улсын нэр хүндийг олон улсын тавцанд өндөр түвшинд илэрхийлэх энэхүү арга хэмжээг амжилттай зохион байгуулахын төлөө хамтрагч байгууллагуудын идэвх зүтгэл, хамтын ажиллагаа, харилцан ойлголцол туйлын чухал учир салбар хоорондын уялдаа холбоог бэхжүүлэн, хамтын ажиллагааг улам идэвхжүүлж ажиллахыг чиглэл болголоо.

Нийт сэтгэгдэл (0)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.