ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНҮҮДЭД АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН СУРАЛЦАГЧДАД ТАЛАРХАЛ ГАРДУУЛЛАА

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан тив, дэлхийн хэмжээний тэмцээн уралдаанд амжилт гаргаж, үеийнхэндээ үлгэр дуурайлал болсон шилдэг 25 суралцагчийг Төрийн ордонд хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.

Арга хэмжээний үеэр Улсын Их Хурлын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын дарга Б.Баярсайхан нар З.Эмүжин, Т.Есүй, Д.Алдардэлгэр нарын суралцагчдад талархал, Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборт амрах эрхийн бичгийг гардуулав.

Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг НҮБ-аас “Хүүхдийн эрхийг хэрэгжүүлэхэд өдөр бүр анхааръя” уриан дор тэмдэглэж байгааг ГБХНХ-ын сайд Т.Аубакир онцолж, Хүүхдийн төлөө сангаас дараах санхүүжилтийг шийдвэрлэснийг онцоллоо.

Тодруулбал:

Хүүхдэд зориулсан барилга байгууламж, тоног төхөөрөмжийг шинэчлэхэд 7.8 тэрбум төгрөг; Мөн тэмцээн уралдаанд амжилт гаргасан 147 хүүхдийн урамшуулалд 416.0 сая төгрөг олгоод байна.

Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын дарга Б.Баярсайхан суралцагчдын гадаад, дотоодын тэмцээнд оролцох боломжийг нэмэгдүүлэх, тэднийг тогтмол дэмжих чиглэлд онцгойлон анхаарч ажиллахаа илэрхийлэв.

 

Нийт сэтгэгдэл (0)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.