ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ СОЁЛ, УРЛАГИЙН САЛБАРЫНХАНТАЙ УУЛЗЛАА

Уулзалтад Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, харьяа агентлаг, Соёл, урлагийн их сургууль, Хөгжим бүжгийн коллеж, нийслэлд үйл ажиллагаа явуулдаг музей, Монголын уран зургийн галерейн төлөөлөл оролцлоо.

Ерөнхийлөгч, соёл, урлагийн салбарын түүхийг бичилцэн, ард түмний оюун санааны дархлааг бэхжүүлж, нийгмийг соён гэгээрүүлэх, өв соёлоо сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй үе үеийн ажилтан, албан хаагчдад талархал илэрхийллээ.

Салбарын хамт олон төрийн айлчлалын үеэр өвөг дээдсийнхээ түүх, нүүдэлчдийн ахуй амьдрал, зан заншил, өв уламжлал, соёл, урлагаа үзэсгэлэн, хүндэтгэлийн тоглолтоор дамжуулан сурталчилж, ард түмнүүдийн найрамдал, нөхөрлөл батжин бэхжихэд үнэтэй хувь нэмэр оруулж байгааг тэмдэглэлээ.

Тэрбээр төрийн тэргүүнээр сонгогдсоноос хойш хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрийн хэрэгжилт, гадаад харилцаа, нийгэм, эдийн засгийн байдал зэргийн талаар товч танилцууллаа. 

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын салбарт улсын хэмжээнд 486 байгууллагад 7,000 гаруй хүн ажиллаж байна.

Яамнаас гадна хэрэгжүүлэгч 2 агентлаг, харьяа 26 соёлын байгууллага,  аймаг, нийслэлийн Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын 22 газар,  орон нутгийн 24 театр, чуулга, 23 музей, 24 номын сан, 333 соёлын төв төрийн үйлчилгээг хүргэдэг.

Яам цаашид Үндэсний урлагийн их театрын бүтээн байгуулалт, салбарын ажилтан, албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх, соёлын зөөлөн хүчний бодлогыг олон улсад сурталчлан таниулахад онцгой анхаарч байна.

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам энэ онд “Хүннү язгууртны оршуулгын газар”, “Эсгий хийх уламжлалт зан үйл”, “Малын эмгэг анагаах уламжлалт арга ухаан” гэсэн гурван өвийг ЮНЕСКО-ийн Дэлхийн өв болон Соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгүүлнэ.

Манай улс ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн хорооны гишүүнээр 2026-2029 онд анх удаа сонгогдон ажиллах болсон байна.

У.Хүрэлсүхийн Засгийн газар хэл, түүх, соёлоо сурталчлан таниулах, соёлын өвөө хадгалах, хамгаалах, уламжлуулах, салбарын хөгжил, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтыг нь дэмжих зэрэг зорилгоор Соёлын яамыг байгуулж байлаа.

Ерөнхийлөгч “Соёлын бүтээлч үйлдвэрлэл”-ийг дэмжиж, Монгол туургатны өв соёлыг дэлхийд таниулах, соёл, урлагийн монгол брэнд хөгжүүлэхийг зорьж байна.

Төрийн тэргүүний санаачилга, дэмжлэгээр “Чингис хаан” үндэсний музей байгуулж, Эзэн Богд Чингис хааны алтан хөшөө, Шүтээн их цагаан туг, Төрийн хасбуу тамгыг бүтээн залсан.

Одоо Байгалийн шинжлэх ухааны үндэсний музей, Үндэсний археологи, угсаатны зүйн музейн бүтээн байгуулалт ид өрнөж байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мөн өдөр СУИС-ийн Хөгжмийн урлагийн сургуулийн Урлагийн боловсролын тэнхимийн багш, хүндэт профессор Осорын Сарантуяа, Монгол Улсын Консерваторын Мэргэжлийн төгөлдөр хуурын тэнхимийн багш, профессор Гомбожавын Занаа нарт Гавьяат багш, “Музейн шинэ хөгжил нийгэмлэг” ТББ-ын тэргүүн, СУИС-ийн хүндэт профессор, музей судлаач Дамдинсүрэнгийн Цэдмаад Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртээлээ. Мөн нэр бүхий эрхмүүдийг төрийн дээд одон, медалиар шагналаа.

 

Нийт сэтгэгдэл (0)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.