ДЭД САЙД Б.МӨНХТАМИР: УЛС ОРНУУД НЭГДЭЖ, БҮС НУТГИЙН ХАМТАРСАН БОДЛОГО, ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ

Шанхай Хамтын Ажиллагааны Байгууллага (SCO), НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн хүрээлэн буй орчны түншлэл (UNEP): Бүс нутгийн тогтвортой ирээдүйн төлөөх хамтын ажиллагааны өндөр түвшний уулзалт, хэлэлцүүлэг боллоо.

Энэхүү хэлэлцүүлэг нь Уур амьсгал ба тогтвортой хөгжил, Усны нөөц, Эрчим хүчний шилжилт, Бүс нутгийн хамтын ажиллагаа зэрэг онцлох сэдвүүдийн хүрээнд өрнөсөн бөгөөд БОУАӨ-ийн дэд сайд Б.Мөнхтамир оролцож, улс орнууд тус тусдаа үйл ажиллагаа хэрэгжүүлэхээс илүү бүс нутгийн хамтарсан хөтөлбөрүүдийг хөгжүүлэх, мэдээлэл, мониторингийн нэгдсэн тогтолцоог бэхжүүлэх, бодлогын уялдааг хангах, хил дамнасан шийдлүүдийг хэрэгжүүлэхэд анхаарах шаардлагатай байгааг онцоллоо.

Мөн энэ оны Наймдугаар сард Монгол Улсад зохиогдох Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын бэлтгэл ажлын хүрээнд бүс нутгийн тэргүүлэх асуудлуудыг бодитоор шийдвэрлэх зорилго бүхий "Тал хээрийн төлөвлөгөө"-ний хүрээнд гурван санаачилга дэвшүүлж буйгаа танилцууллаа.

Үүнд:

-Бэлчээрийн тэргүүлэх санаачилга

-Ус-газрын нэгдсэн менежментийн санаачилга

-Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтцийн санаачилга багтаж байна.

Эдгээр санаачилгын хүрээнд “Бэлчээр болон нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын эвсэл” байгуулахаар зорьж байгаа бөгөөд олон улсын хамтын ажиллагааг уялдуулах, бодлогын яриа хэлэлцээг бэхжүүлэх, Засгийн газрууд болон олон улсын байгууллагууд, олон талын түншүүдийг нэгтгэн олон цогц асуудлуудыг шийдвэрлэнэ гэдгийг цохон тэмдэглээд ШХАБ-ын гишүүн орнууд болон НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийг Монгол Улсын дэвшүүлж буй санаачилгад идэвхтэй нэгдэж, хамтран ажиллах, бүс нутгийн хэмжээнд дэвшүүлж буй шийдлүүдийг өргөжүүлэх институцийн суурийг хамтдаа бүрдүүлэхийг хүсэж байгаагаа илэрхийллээ.

Нийт сэтгэгдэл (0)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.