Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санаачилж, өнгөрөгч сарын 09-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх, эсэх хэлэлцүүлгийг явууллаа.
Хуулийн төслийн талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр танилцуулав. Тэрбээр, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн Гишүүний бүрэн эрх хугацаанаас өмнө дуусвар болох тухай 9 дүгээр зүйлийн 9.1.4 дэх заалтад “Монгол Улсын Үндсэн хуулийн цэц Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4-т зааснаар гишүүнийг эгүүлэн татах үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргасныг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн” хэмээн заасан нь Үндсэн хуулийн Жаран долдугаар зүйлийн “Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гармагцаа хүчин төгөлдөр болно” гэсэн заалттай зөрчилдөж байгааг дурдаад, Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх тогтоовол Улсын Их Хурал түүнийг гишүүнээс нь эгүүлэн татах тухай заалтыг шүүхээс хэрхэн хэрэгжүүлэх нь тодорхойгүй байна гэлээ.
Иргэд төрийн эрх барих дээд байгууллагын үйл ажиллагаа, ард түмний элчийн хувьд Улсын Их Хурлын гишүүний ёс зүй, сахилга хариуцлагыг дээшлүүлэх, Үндсэн хууль, бусад хууль зөрчсөн тохиолдолд бүрэн эрхийг хугацаанаас өмнө дуусгавар болгох буюу эгүүлэн татах үндэслэлийг тодорхой болгохыг шаардаж байгааг тэрбээр тэмдэглэн, өргөсөн тангаргаасаа няцсан, ард түмний элчийн хувьд төлөөлөх, хууль тогтоох чиг үүргийг хэрэгжүүлэхдээ Улсын Их Хурлын ээлжит чуулганы хуралдааны 30-аас дээш хувьд хүрэлцэн ирээгүй болон санал хураалтад биечлэн оролцоогүй, гишүүний ёс зүйн дүрмийг ноцтой болон удаа дараа зөрчсөн Улсын Их Хурлын гишүүнийг эгүүлэн татаж хууль зүйн хариуцлагыг тодорхой, ил тод, үр нөлөөтэй болгох замаар Үндсэн хуульт байгууллыг бататган бэхжүүлэх, үндэсний аюулгүй байдлыг хангах зорилгоор хуулийн төслийг боловсруулсан гэдгийг тайлбарлалаа.
Хуулийн төслүүдийн хэлэлцэх, эсэх хэлэлцүүлгийг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн тухай санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа танилцуулсан юм. Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх, эсэх талаарх санал хураалтыг 2026 оны дөрөвдүгээр сарын 10-нд буюу маргаашийн нэгдсэн хуралдааны эхэнд явуулахаар хойшлуулснаар чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан өндөрлөлөө.