Ардчилсан Намын ХVIII Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор эхэллээ. Тус Их хуралд сум, аймаг, нийслэл, дүүргээс сонгогдсон нийтдээ 1800 төлөөлөгч оролцож байна. Намын дунд шатны байгууллага болох аймаг, дүүргүүдийн намын хорооны гишүүдийн 4250 суудлын төлөө 7000 гаруй гишүүд нэрээ дэвшүүлэн өрсөлдөж 70 шахам хувь нь анх удаа сонгогдож буй залуусаар Ардчилсан Нам хүрээгээ тэллээ.
Ардчилсан Намын дарга, УИХ дахь Ардчилсан Намын бүлгийн дарга О.Цогтгэрэл Их хурлыг нээж хэлсэн үгэндээ “Анхан шатнаас эхлүүлэн бүх түвшиндээ бүрэн шинэчлэгдсэн Ардчилсан нам яваагүй зам, очоогүй оргилдоо хүрэх шинэ тэмүүллийг тээн өнөөдөр энд хуралдаж байна. Энэ их хурал бол өнгөрсөнөө дүгнэж, хүрэх ирээдүйгээ цэгнэх ёстой ажил хэргийн хурал, олон ялалтаа угтах шинэ замын эхлэлийн хурал юм. Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ.
Харин Монгол Улс эдгээр өөрчлөлтийг тусган авах бус улам бүр ухран гүн намагт шигджээ. Засаглалынтогтолцоо зарим талаараа хэдийнээ ялзарсан байна.Ашигт малтмалын нөөц баялгийг хувааж идэж, хусмаар нь сонгуулийг худалдаж авдаг улс төрийн бүлэглэл 10 гаруй жил хяналтгүйгээр төрийг барьсан болохыг бид өнөөдөр тэдний дотоодын тэмцлээс харж байна. Ардын намын дарга нар авилгалыг энгийн хэм хэмжээ болгож, “Би их идсэн, чи бүр их идсэн” гэж эрээ цээргүйгээр ил цагаан ярьцгаадаг боллоо.
Хулгай, худлын өмнө хууль цааз бөхийсөн 10 жил өнгөрчээ.Төгрөгөөр биш доллараар, саяар биш тэрбум, их наядаар тэдний хулгай хэмжигдэж байна. Эх орны баялагийг төрийн нэрээр нийгэмчилж, иргэдэд очих ёстой хэсгийг эх орончийн, даргын нэрээр хувьдаа завшжээ. Өнгөрсөн 10 жилд эдийн засаг төржиж, эрх мэдэл төв рүү тасралтгүй төвлөрсөн. Үр дүнд нь бүхнийг дарга мэддэг, даргын гарын үсгээр шийдэгддэг улс болсон. Энэ 10 жилд иргэдэд эдийн засгийн өсөлт очоогүй. Бизнесүүдийн орлого ашиг өсөөгүй. Орон нутагт эрх мэдэл, төсөв санхүү ч хангалттай хүрээгүй. Харин ордон дотор Ардын намын дарга нарын зарцуулах төсөв нэмэгдсэн. Үр ашиггүй, үлгэрийн олон төсөл хөтөлбөрүүд ихэссэн. Эдийн засаг дах 10 төгрөг тутмын 8 нь төрөөр, төсвөөр, тусгай зөвшөөрлөөр зохицуулагдсан намын хяналттай эдийн засгийн бүтэцтэй болсон.
Ардын амьдрал уруудсан, даргын тансаглал хэтэрсэн 10 жил аанай өнөөдөр ч үргэлжилж байна. Үнэндээ өнгөрсөн 10 жилд авлига, хулгай л цэцэглэн хөгжснөөс өөр юу ч Монголд өөдлөн дээшилсэнгүй ээ. Идэр есийн хүйтэнд хөлдчихгүй юм шүү гэж залбирч, эмнэлэг, колонкийн оочир норм мэт хэвшиж, цалин тэтгэвэр нэмээч гэж хааяа хий орилохоос өөр үйл явдалгүйгээр Монгол оршиж байна. Эдийн засаг өсөлтгүй, хүртээмжгүй хэвээр байна. Иргэдийн амьжиргаа муудсаар, ядуурал, ажилгүйдэл дээр ахиц сайжралт гарсангүй. Эрүүл мэнд, боловсрол, эрчим хүч, татвар, нийгмийн даатгалын реформ, шинэчлэлүүд хүлээгдсээр. Хэзээ мөдгүй тэсрэх дарьтай торх халсаарл байна. Бүтээмж, экспорт, хөгжил гэх үгсийн хүч сульдаж, хулгайч, авилгачийн тухай ший үзэгдэлд нийгмээрээ автсаар, дундаж давхарга агшиж ядуурлын ангал руу гулсан унасаар байна. Ийм мафижсан засаг, авлигажсан тогтолцооноос бид шударга ёс, хөгжил дэвшил, хүний төлөө бодлого хүлээх утгагүй.
Ийм нөхцөлд Ардчилсан Намын сонголт бол дуугүй сууж хамтрах биш хүчтэй цөөнх байж хянах. Даган дуурайх биш тэмцэх. Дасан зохицох биш шинэчлэх явдал юм. Бид 36 жил тэмцээд тэмцээд дангаараа олонх болсонгүй, дараалан ялсан ч үгүй, давхарлан бүх шатанд ялаа ч үгүй гэх “бодит” үнэн бас бий. Энэ бол та бид гэрийн даалгавраа хангалттай хийгээгүйн үнэлгээ гэж би ойлгодог. Бодлого, хөтөлбөрөө цэгцтэй төлөвлөж тайлбарлаж, хийх ажлаа хангалттай сурталчилж, хүрээ оролцоогоо хүссэнээрээ нэмж, үе хоорондын холбоосоо сайн хийж чадаагүйн “шийтгэл” гэж боддог. Тиймээс шинэ арга зам, шинэ тэмүүлэл хэрэгтэй. Ардчиллын шинэ тэмүүллийн суурь нь Шударга ёс юм. Шударга ёс зөвхөн үг биш. Шударга ёс бол эрх мэдлийн тэнцвэр. Тиймээс 2027 оны Ерөнхийлөгчийн сонгууль бол хуульт ёсыг сэргээх, ардчиллын институцийг аврах чухал тулаан байх болно” хэмээв.
