Ардчилсан Намын харьяа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих холбооны “Анхдугаар чуулган” өнөөдөр /2026.04.04/ боллоо.
Ардчилсан Намын Үндсэн дүрэм, Ардчилсан Намын харьяа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих холбооны анхдугаар чуулганы төлөөлөгчдийн саналыг тус, тус үндэслэн Ардчилсан Намын харьяа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих холбооны Ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн Ж.Баясгалан сонгогдсоныг Ардчилсан Намын дарга, УИХ дахь Ардчилсан Намын бүлгийн дарга О.Цогтгэрэл батламжлав.
Түүнчлэн тус холбооны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Р.Оюун-Эрдэнэ, Ц.Чинбат, Дэд Ерөнхийлөгчөөр Э.Одбаяр, Л.Мөнхбаясгалан, Б.Пунсалмаа, Ш.Бямбасүрэн, Ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Лхагвадорж нарыг батламжиллаа.

Ардчилсан Нам дүрмийн шинэчлэлээрээ харьяа таван байгууллагатай болж байгаагийн нэг нь "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих холбоо" юм.
Намын дарга “Анхдугаар чуулган”-ыг нээж хэлсэн үгэндээ “Ардчилсан нам Улс төрийн намын тухай хуулийн хүрээнд Үндсэн дүрмээ батлуулахдаа нийгмийн хариуцлага, хүртээмжтэй бодлогын жишгийг шинэ түвшинд гаргасан онцгой алхам хийсэн. Тодруулбал, бусад улс төрийн намуудаас анх удаа намынхаа дэргэд тусгай хэрэгцээт иргэдийн эрх, оролцоог бодитоор хангах зорилготой бие даасан холбоог санаачлан байгууллаа.
Энэ нь зөвхөн нэг удаагийн санаачилга бус, харин ардчиллын үнэт зүйлс болох тэгш боломж, оролцооны эрхийг баталгаажуулах урт хугацааны стратегийн нэг хэсэг юм. Ардчилсан Нам тусгай хэрэгцээт иргэдийн эрх ашиг, тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн санал, санаачилгуудыг намын үйл ажиллагаатай уялдуулан хэрэгжүүлнэ. Энэ нь зөвхөн нэг бүлгийн эрх ашгийг хамгаалах бус, нийт нийгмийн хөгжилд эерэг нөлөө үзүүлэх, хэнийг ч орхигдуулахгүй байх зарчмыг бодитоор хэрэгжүүлэх зорилготой” хэмээв.
Тус чуулганд Ардчилсан Намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн Ж.Баясгалан, Л.Мөнхбаясгалан, Ө.Шижир, Г.Очирбат, Ш.Бямбасүрэн, Ц.Туваан, Б.Пунсалмаа, Б.Жаргалан,Ц.Мөнхтуяа, Э.Одбаяр нар болон 21 аймаг, 9 дүүргийн 76 иргэд оролцжээ.