Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын Засгийн газарт Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар УИХ-ын гишүүн Т.Аубакир үргэлжлүүлэн ажиллахаар томилогдлоо.
Өнгөрөгч есөн сарын хугацаанд Т.Аубакир сайд салбарынхаа эрх зүйн шинэчлэлийн суурийг тавьж, чамгүй олон ажлыг амжуулжээ. Тодруулбал:
Манай улс 1981 оноос хойш нийтдээ зургаан улстай байгуулсан байсан нийгмийн хамгааллын хэлэлцээрийг 9 сарын дотор хоёр улсаар нэмжээ. Австри болон Казахстан улстай хийсэн "Нийгмийн хамгааллын хэлэлцээр"-ийг амжилттай УИХ-аар батлуулж, тус улсад ажиллаж буй монгол иргэдийн нийгмийн хамгааллын эрх зүйн орчин бүрджээ.
Мөн салбарын долоон хуулийн төслийг боловсруулж, түүнээс хоёр хуулийн төслийг нь Засгийн газрын хуралдаанаар дэмжүүлж, тэтгэврийн олон давхаргат тогтолцооны суурь болох "Хувийн нэмэлт тэтгэврийн тухай" хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлээд байгаа юм.
Цаашид Монгол Улсын хөгжлийн суурь болох хүн амын бодлогыг дэмжих, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, нийгмийн хамгааллыг сайжруулах хууль эрх зүйн орчныг улам боловсронгуй болгож, Засгийн газрын мөрийн хөтөлбөрт орсон салбарын ажлуудыг бодит үр дүнд хүргэж ажиллахыг зорино гэдгээ Т.Аубакир сайд онцолсон юм.