ОЙН ТҮНШЛЭЛИЙН ХҮРЭЭНД НОГООН АЖЛЫН БАЙРЫГ НЭМЭГДҮҮЛНЭ

Ойн түншлэлийн Техникийн ажлын хэсгийн 5 дугаар хурал 2026 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдлаа.

Тус хурлаар Ойн түншлэлийн хэрэгжилтийн явцыг дүгнэж, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцийн Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын өмнө хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, олон талт хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлд чухал алхмуудыг хэлэлцэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Ляйен нарын 2022 онд байгуулсан энэхүү түншлэл нь Монгол Улсын санаачилга, манлайлалд тулгуурлан амжилттай хэрэгжиж, Европын Холбооны дэмжлэгтэйгээр ойн салбарын шинэчлэл, тогтвортой хөгжлийг урагшлуулж байна.

Түншлэлийн хүрээнд:

• Ойн засаглал, эрх зүйн орчныг бэхжүүлэх

• Нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх

• Ногоон ажлын байрыг нэмэгдүүлэх

• Уур амьсгалд тэсвэртэй ойн салбарыг дэмжих

Энэхүү түншлэл нь “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг үйл ажиллагаа, ойн хамгаалал, нөхөн сэргээлт, тогтвортой менежментийг бодитоор дэмжиж байна.

Хурлыг ЗГХА Ойн газрын дарга Б.Оюунсанаа болон Европын Холбооны Төлөөлөгчийн газрын Хамтын ажиллагааны хэлтсийн дарга Адриен Мург нар хамтран даргалж, Монгол Улсын ГХЯ, ХХААХҮЯ, ГБХНХЯ, ГЗБГЗЗГ, ШУА болон ойн мэргэжлийн холбоодын төлөөлөл, мөн Европын Холбоо, гишүүн орнууд, НҮБ-ын ХХААБ (FAO), ГОУХАН (GIZ), Даян дэлхийн ногоон хөгжлийн институт (GGGI)-ийн төлөөлөгчид оролцлоо.

Нийт сэтгэгдэл (0)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.