Өчигдөр УИХ-ын гишүүн С.Одонтуяа агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд сургууль, цэцэрлэгийн уурын зуухыг газ руу шилжүүлэх ажлын явцтай танилцжээ. БОУАӨ-ийн сайд, Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны даргаар ажиллаж байхдаа эрдэмтдийн зөвлөл байгуулж, судалгаа, төлөвлөгөөтэй ажлуудыг эхлүүлжээ. Тэрээр цахим хуудсандаа “Чингэлтэй дүүргийн 117 дугаар сургууль жилд 580 тонн түүхий нүүрс түлдэг байсан. Энэ халаалтын зуухыг буулгаж, шингэрүүлсэн хийн түлшинд шилжүүлснээр түүхий нүүрсний хэрэглээг зогсоож, агаарт 2320 тонн хорт бодис ялгарахаас сэргийлж чадсан юм.
Тус ажлыг хийж гүйцэтгэсэн “ГАЗКОМ” ХХК болон нийгмийн хариуцлагын хүрээнд бидэнтэй хамтран ажилласан “БОРОО ГОУЛД” ХХК-ний хамт олонд талархсанаа илэрхийлье.
Хүүхдүүд дулаан тав тухтай орчинд сурч, хөгжиж буйд баяртай байна. Мөн олон давуу талууд бий болсноос гадна санхүүгийн хувьд ч хэмнэлттэй болжээ. Өнөөдрийн байдлаар гурван сургуулийн дулааныг хийн түлшинд шилжүүлж, халаалтын үйл ажиллагаа нь жигдрээд байна” гэжээ.