Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Хойд Европын хамгийн эртний их сургуулиудын нэг Уппсалагийн их сургуульд зочилж, ректор Андерш Хагфелдтийг хүлээн авч уулзлаа. Уузалтаар, Сайд Б.Батцэцэг Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Илгээлт 2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд тус сургуульд оюутан залуусыг сургах, хоёр орны их, дээд сургууль хоорондын хамтын ажиллагааг эхлүүлэх баримт бичиг байгуулах санал тавив.

Мөн тэрбээр тус их сургуулийн Каролина Редивива номын санд хадгалагдаж буй Монголын түүх, хэл, соёлын үнэт өв бүхий баримтуудтай танилцаж, эдгээр түүхэн өвийг хоёр орны эрдэмтэд нарийвчлан судлах чиглэлд нягт хамтран ажиллахаар тохиролцлоо.
Каролина Редивива номын санд 1730-аад оны үеийн Зүүнгарын хаант улсын газрын зураг, 1818-1823 онд нэгтгэсэн Монгол-Швед хэлний толь бичиг, Монгол тод бичгийн дүрмийн ном, ХХ зууны эхэн үед Шведийн номлогч нар манай улсад ажиллаж байхдаа баримтжуулан хадгалсан Монгол Улсын түүх, хэл, соёлын холбогдолтой 1444 фото зураг, 1935, 1952 онд монгол бичгээр хэвлэгдсэн толь зэрэг хосгүй үнэт өв хадгалагдаж байна.